Борооны ус зайлуулах шугам сүлжээ хийхэд 2 тэрбумыг төсөвлөжээ

Борооны улиралд үүсдэг нэг том асуудал бол ус зайлуулах шугамны хүрэлцээ муугаас үүдсэн замын эвдрэл гэмтэл байдаг. Учир нь нийслэлийн хэмжээнд 800 гаруй км хатуу хучилттай зам байгаагаас 190 км зам нь ус зайлуулах шугам сүлжээтэй байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Тиймээс нийслэлийн захиргаа энэ тал дээр анхаарч 2 тэрбум төгрөгийн төсөв суулган борооны ус зайлуулах шугам хийхээр ажиллаж байгааг онцоллоо.

Энэ жилийн 7,8 сард ОЖД-аас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа. Гэтэл нийслэл хотын хэмжээнд ус зайлуулах шугам хангалтгүйгээс болж олон асуудал үүсч байна. Өчигдөр гэхэд л усархаг бороо орсны улмаас хэд хэдэн замын зорчих хэсэг эвдэрсэн байна. Олон хоног үргэлжилсэн борооны улмаас иргэд байтугай автомашин зорчих боломжгүй болдог. Тиймээс энэ тал дээр анхаарч ус зайлуулах шугам тавих ажлыг эрчимүүлж байгаа гэдгийг Нийслэлийн засаг даргын орлогч мэдээллээ. 

Гадны улс орнуудад нэг км замд 1.5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг байна. Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж хэрэгжүүлдэг. Тийм ч учраас зам эвдрэх, өөрөөр хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй байна. Гэсэн ч Монгол улс сүүлийн жилүүдэд энэ тал дээр анхаарч, төсөв суулган ус зайлуулах шугам сүлжээг хийхээр ажиллаж байгаа гэлээ. 

Сүүлийн үед Япон Улс нанотехнологиор шинэ асфальт хийх болжээ. Энэ нь нарны халалтаар агшиж сунахаас гадна усыг өөртөө шингээдэг материал юм. Мөн борооны усаар зүлэг услах, замын хажуу хэсгийн сул шороог дарах зэрэгт ашиглах боломжтой. Манай улс энэ мэт амьдрал хэрэгтэй гадны жишгийг нэвтрүүлэх цаг хэдийнэ болжээ. Гэсэн ч хур бороо их орж байгаа энэ үед бидэнд хоцрогдсон ч гэсэн ус зайлуулах хоолой тун хэрэгтэй байгаа юм.


Борооны ус зайлуулах шугам сүлжээ хийхэд 2 тэрбумыг төсөвлөжээ
2020-08-05 22:05:43
Шинэ мэдээ
Санал асуулга