Н.Өлзийболд: "Бид тусгай үүргийн нислэгт тогтмол үнэ барьж байна"

УОК-ын Шуурхай штабаас хийсэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Н.Өлзийболд тусгай үүргийн нислэгийн үнэ тариф, зардлын талаар мэдээлэл өглөө. 

УОК-ын шийдвэрийн дагуу МИАТ ХК нь нийт 44 тусгай үүргийн нислэгээр 51 удаагийн аялал хийжээ. 

Тодруулбал, нислэг тогтмол үйлддэг чиглэлд 32 удаагийн аялал хийсэн бол шинээр 10 улсын 12 чиглэлд 19 аялал үйлдсэн байна.

 

"Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзийн үнэ дунджаар 400 орчим доллар байна"

Н.Өлзийболд үнэ тарифын талаар хэлэхдээ "Бид тусгай үүргийн нислэгт тогтмол үнэ барьж байна.

Гэхдээ өмнө нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тийз авсан хүмүүсээс тодорхой хэмжээний зөрүүг нь авч байгаа бол шинээр тийз авч буй хүмүүст одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар үйлчилж байна.

Тухайлбал, 2019 онд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзийн хамгийн бага үнэ 265 ам.доллар, хамгийн өндөр нь 580 ам доллар байсан. Харин одоо дунджаар 400 орчим доллар байна.

Цар тахлаас өмнө бидний мөрдөж байсан нислэгийн тарифыг хоёр талын нислэгт зорчигчтой байна гэсэн тооцооллын үндсэн дээр гаргадаг байсан. Гэтэл одоо үйлдэж буй нислэгүүд ихэнх тохиолдолд нэг талдаа зорчигчтой байгаа учир ингэж тооцоолсон.

Мөн Токио-Улаанбаатарын нислэгт ч нэг талдаа зорчигчтой байна гэсэн тооцооллын үндсэн дээр тийзийг нь 505 ам.доллар байхаар тогтоосон.

МИАТ компани үйл  ажиллагаа хэвийн үргэлжилж байсан үедээ тусгай хөнгөлөлттэй нөхцөл зарлаж байсан. Тэр үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийг авсан хүмүүс их байна.

Тухайлбал, Сөүлийн чиглэлээр ирж байгаа тусгай үүргийн нислэгийн зорчигчдын 80-90 хувь нь хөнгөлөлттэй үеийн тийзийг өмнө нь худалдаж авсан хүмүүс байгаа бөгөөд бид тэдгээр хүмүүсээс зөрүүг нь тооцож авч байна.

Шинэ чиглэлийн тухайд ч нэг талын зорчигчтой байна гэдгээрээ зардлаа тооцоолж, тодорхой хэмжээний алдагдлыг МИАТ компани өөрөө хүлээгээд нислэг үйлдэж байгаа гэдгийг хэлмээр байна" гэсэн юм.

"МИАТ ХК нийт төлөвлөж байсан нислэгийнхээ 25 хувьд л тусгай нислэг хийж байна"

Үргэлжлүүлэн "МИАТ компани гуравдугаар сард харьцангуй алдагдалгүй буюу нэг нислэгээс 1,700 орчим ам.долларын ашигтай ажилласан. Түүнээс хойш алдагдалтай нислэг үйлдэж байгаа. Тодруулбал, нислэг бүр 20-30 мянган ам.долларын алдагдалтай байна.

Шинэ чиглэлүүдэд хийгдэж байгаа нислэгүүдэд ирж буй үнийн санал нь ч 2-3 дахин өндөр үнэтэй байна. Энэ нь эргээд зардалд нь нөлөөлж байна. Түүнээс гадна бидэнд ариутгалтай холбоотой олон зардал шинээр гарч буй.

Бид энэ жил нийт төлөвлөж байсан нислэгийнхээ 25 хувьд л тусгай нислэг хийж байна" гэв.


Н.Өлзийболд: "Бид тусгай үүргийн нислэгт тогтмол үнэ барьж байна"
2020-08-07 17:18:08