Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хуралдаанд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” болон нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж  ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ. Энэ нь 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ирсэнтэй  холбоотой юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад газрын харилцааны хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж, нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр барилгажсан талбай, нэмэгдэж, дэд бүтцийн нягтаршил үүсэж, төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага тулгарсан байна. Тиймээс  “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан байна. Ингэхдээ  холбогдох хууль тогтоомжууд хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэгт нийцүүлсний дээр олон нийтийн оролцоог хангаж, холбогдох мэргэжилтнүүд болоод дүүргийн газрын албад, эрдэмтдэд танилцуулж, саналыг авсан гэдгийг төлөвлөгөө боловсруулсан багийнхан тодотгож байлаа.

“Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2022-2036 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хилийн заагийг тодотгоод зогсохгүй эдэлбэр газар, дэд бүтцийн зохион байгуулалт ойлгомжтой болж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт ч тодорхой болох юм. Түүнчлэн Улаанбаатар хотын эдэлбэр газар дахь агаар, газар, хөрс, усны бохирдол, доройтлыг бууруулах инженерийн бэлтгэл хийх, шугам сүлжээ, байгууламж барих газрын байршил тодорхой болж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хориглолтын бүсийн хил заагийг тогтоож, тэмдэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөсөн байна.  Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг чамбайруулан нягтлахыг төлөвлөгөө боловсруулсан багийнханд үүрэг болголоо. Тус төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр хурлын тэмдэглэлд тусгалаа.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХГҮЙ БАЙХАД АНХААРНА

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул дээрх журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Налайх дүүргийн хэмжээнд галлагааны улиралд нийтдээ 23 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд  түлш тээвэрлэх, нөөцлөх, түгээх ажлыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныхан хүссэн юм.

Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудал нь сайжруулсан шахмал түлшийг хадгалах агуулахын асуудал юм. Баталж өгсөн төсөв нь Засгийн газраас үүрэг болгосон хэмжээний түлш нөөцлөхөд хүрэлцэхээргүй байгаа аж. Тиймээс нийслэлийн зүгээс хүлээсэн үүргийн дагуу сайжруулсан түлш нөөцлөн хадгалах агуулахын асуудлыг яаравчлан шийдвэрлэх, тээвэрлэгч компаниудын зүгээс тавьж буй шаардлагын талаар хэлэлцэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, тээвэрчдийн тухайд одоогийн мөрдөж буй үнэ тариф алдагдалд оруулж буйг удаа дараа хэлж байгаа аж.

Налайх дүүрэгт түүхий нүүрс хууль бусаар олборлох тохиолдол гардаг. Тиймээс дүүргийн хэмжээнд түүхий түлэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Налайх дүүргийн хэмжээнд түүхий нүүрсний олборлолт, түгээх, түлэх асуудал гаргахгүй байх үүргийг  дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээж байгаа. Иргэдийн хувьд сайжруулсан шахмал түлшний ач холбогдлыг ойлгосны дээр үнэ ханш нь хямд тусч буй тул түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна. Харин шахмал түлшийг бусад аймаг хот руу гаргахгүй байхад давхар анхаарал хандуулах нь зүйтэй”-г тодотгож байлаа.

 

Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав
2022-07-26 21:45:24
Шинэ мэдээ
Санал асуулга