Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.
Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан. Зөвлөлийн хуралд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэсэн юм.
470 ТУСЛАХ БАГШ, 386 БҮЛГИЙН БАГШИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА
Өмнө дурдсан 141 мянга гаруй хүүхдийн 106 538 хүүхэд хамран сургах тойргийн хүрээнд цэцэрлэгт шууд хамрагдаж байна. Харин үлдэж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар 9850 хүүхэд, цэцэрлэгийн зориулалтаар барилга байгууламж худалдан авах зарчмаар 2290 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд нэмэлт элсэлт авч 10272 хүүхэд, хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин /нэг цэцэрлэг/ 25 хүүхэд, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд гэхчлэн нийтдээ 25787 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулахаар болжээ. Цаашид 8700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах тал бүрийн боломжийг судалж буй ажээ. Цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан БШУЯ болон гурван их дээд сургуультай хамтран 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ. Богино хугацаандаа түрээслэх болон худалдан авах байр олдоогүй, шинээр цэцэрлэг барих дэд бүтэцгүй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан бүсийн цөөн тооны хороонд гэр цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг хамруулах юм байна. Цаашдаа гэр цэцэрлэгээс аль болох зайлсхийх бодлого барих хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санууллаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийг ягштал баримтлах бөгөөд ганцхан тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагсдын хүүхдийг тойрог хамааралгүй сургах боломжийг л олгож буй гэнэ. Хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тухайн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд авсан бол хариуцлага тооцохоор тусгажээ.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТОО ЭНЭ ОНД 25-ААР НЭМЭГДЖЭЭ
2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг. Ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал хүчин чадлаасаа хэтэрч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 20 сургуульд дотоод засвар тохижилт хийж, хоёр ээлжээр хичээллүүлэхээр болжээ. Харин 14 сургуулийн 6930 хүүхдийг суралцуулахаар түрээсийн байр судалж, нэг сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар эрчимжүүлж байгаа юм.
Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 25 автобус шинээр оруулж ирсэн бөгөөд цаашид 50 автобус нэмж авчрах юм. Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж. 102 сургуулийн сурагчдад үйлчилж буй 261 автобус дээр “Сургуулийн автобус” төслийн 25 автобусыг нэмж тооцвол ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 286 автобус сурагчдад тусгайлан үйлчлэх юм.
АВТО ЗАМЫН АЧААЛАЛ БҮХИЙ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЯЛГАМЖТАЙ ЦАГИЙН ХУВААРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ
Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна. Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар нь бүсчлэн ялгамжтай цагийн хуваарьт шилжүүлсэн.
Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар замын хөдөлгөөний ачаалал 07:00-09:00 цагийн хооронд 28.4 хувиар буурсан дүн гарчээ. Түүнчлэн сургуулийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авахад 59 сургуулийн 47 нь цагийн хуваарийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд ямар нэгэн хүндрэлгүй байсан гэсэн хариу өгчээ. Үлдсэн 12 сургуулийн сурагчдын эцэг эх, багш нарын хувьд хичээллэх цагаа өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгааны дүнд үндэслэн Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий байршилд буй сургуулиудыг ялгамжтай цагийн хуваарийг мөрдүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газраас боловсруулан НЗДТГ-т хүргээд байгаа ажээ.
Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна |
2024-11-25 15:14:56
2024-11-25 15:11:57
2024-11-25 14:57:51
2024-11-25 12:08:51
2024-11-25 12:06:04
2024-11-25 12:04:20
2024-11-25 12:02:15
2024-11-25 12:00:23
2024-11-25 11:59:06
2024-11-22 13:25:20