Улаанбаатар-Дархан чиглэлд 26 км авто замын хөдөлгөөнийг нэмж нээнэ

Өмнө нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн 2 эгнээ замын суурь хучилтын ажлыг дуусгаж 141 км авто замын хөдөлгөөн нээгээд байсан юм. Тэгвэл энэ 09 дүгээр сарын 24-ний өдөр 26 км авто замын хөдөлгөөнийг нэмж нээх гэж буй талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Ингэснээр 08 дугаар сарын 25-наас хойш нийт 26 км замд шинээр асфальтан хучилт хийгдсэн гэсэн үг юм.
Нийт 204 км 2 эгнээ авто замаас одоо үлдэж буй 37 км авто замыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр удаашралтай явагдаж буй багцуудын ажил дээр уртасгасан цагийн хуваариар хоёр ээлжээр ажиллаж байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа ээлжит засвараас шалтгаалан түр зогссонтой холбоотойгоор зах зээлд цементийн хомсдол үүссэн ч “Мак цемент” ХХК, Монцемент билдинг материалс ХХК, “Налгар түшиг” ХХК нь УБ-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад анхаарч хамтран ажиллаж байна.
Мөн УБТЗ нь холбогдох цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.
Үүнтэй холбоотойгоор “Техник импорт” ХХК түгээлтийн цэгтээ ирсэн цементийг эхний ээлжинд тасралтгүй түргэн шуурхай өөрийн үйлдвэрийн талбайгаас ачуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байгаа юм.
Дарханы замын бүтээн байгуулалтыг стандартын дагуу чанартай хийж, ирэх 10 дугаар сардаа багтаан 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг нээх зорилтыг хангахад үндэсний баялаг бүтээгч дотоодын цементийн үйлдвэрүүд ЗТХЯ-тай ийнхүү хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6 мянган тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд түүний зургааны нэг нь буюу 1 мянган тн цемент нь Дарханы замд нийлүүлэгдэж байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрлэл эхэлвэл дотоодын компаниуд өдөрт 9 мянган тн цемент зах зээлд нийлүүлж дотоодын эрэлтийг бүрэн хангах боломжтой болох юм.

 


Улаанбаатар-Дархан чиглэлд 26 км авто замын хөдөлгөөнийг нэмж нээнэ
2022-09-22 14:53:59
Шинэ мэдээ
Санал асуулга