Үндсэн цэс
НЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөр хэрэгжиж дууслаа.
Хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагч бүртгүүлснээс удирдамжийн дагуу 80 албан хаагч ментийгээр, 15 албан хаагч ментороор шалгаран оролцсон юм. Ийнхүү нэгдүгээр шатанд шалгарсан 80 албан хаагч таван багт хуваагдан хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлийн бичил төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Харин хоёрдугаар шатанд баг бүрээс шилдэг гурван ментийг шалгаруулан, нийт 16 оролцогчтойгоор хөтөлбөр үргэлжилж, хаалтаа хийлээ.
Азийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг “Нийслэлд ажиллаж буй залуу албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд хэд хэдэн идэвхжүүлэх уулзалт, сургалтыг зохион байгуулсан бөгөөд бичил төсөл хөтөлбөрт оролцох, санаачлан хэрэгжүүлэх боломжийг олгосон. Багуудын санаачилсан бичил төсөл хөтөлбөрүүд нь НЗДТГ-аас хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл нь энэ жил хэрэгжээд дуусаж байгаа тул ирэх жилээс Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид бусад төсөл хөтөлбөр дээр НЗДТГ-тай тогтмол хамтран ажилласаар байх болно” гэв.
“Нийслэл-110” менторшип хөтөлбөрт оролцсон ментор болон ментий нар сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын мэргэжилтэн, "Нийслэл 110" менторшип хөтөлбөрийн ментий О.Ваанчиг:
-Анх “UB ERP” системээс хөтөлбөрийн талаарх мэдээллийг хараад, залуу албан хаагчдыг чадавхжуулж, төрийн үйлчилгээг хялбарчлах ач холбогдолтой юм байна гэж үзээд өөрийгөө сорьж үзэхээр бүртгүүлсэн. Хоёр шатны шалгаруулалтыг даваад, шилдэг 16 ментий нарын нэгээр шалгарсандаа маш их баяртай байгаа. Хөтөлбөрт оролцсоноор олон зүйлийг сурч, шинэ хүрээлэлтэй болсон. Мөн төсөл санаачлан хэрэгжүүлэх талаар ойлголттой боллоо. Миний сонгосон ментор нь надтай мэргэжил нэгтэй хүн байсан бөгөөд ажлын дадлага туршлага, зохион байгуулалт гээд бүх зүйл дээр зөвлөгөө өгсөн.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, "Нийслэл 110" менторшип хөтөлбөрийн ментий Б.Ганхишиг:
-Төрийн албанд ажиллаад нэг жил гаруй болж байна. Тус хөтөлбөрт өөрийгөө сорин, арвин их туршлагатай мундаг менторуудаасаа их зүйл суръя гэж зориод бүртгүүлсэн. Хамгийн наад зах нь биеэ хэрхэн зөв авч явах вэ, бусдад өөрийгөө яаж зөв илэрхийлэх вэ гээд маш олон зүйлийг ойлгож, мэдэж авлаа. Цаашлаад туршлагатай, мундаг менторуудаасаа суралцаж чадсан. Манай багийн хувьд “QR кодыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх нь” сэдвээр төсөл хэрэгжүүлсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-өөс гаргасан судалгаагаар иргэдийн 60 хувь нь анхан шатны мэдээллийг авахаар тус байгууллага дээр очдог гэх дүгнэлт гарсан байсан. Өөрөөр хэлбэл, авах гэж буй үйлчилгээнийхээ бүрдүүлэх материалын мэдээллийг л авах гэж очдог гэсэн үг. Тиймээс ийм төрлийн мэдээллийг иргэдэд илүү ойртуулахын тулд тус төслийг санаачилсан. Иргэд бүрдүүлэх материалын мэдээллээ QR код уншуулан аваад, НҮНТ дээр шууд материалаа авч очих байдлаар иргэдийн цаг завыг хэмнэх зорилготой. Төслөө сарын хугацаанд туршилтаар хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байгаа. Ирэх жилүүдэд менторшип хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
“Нийслэл-110” менторшип хөтөлбөрт ментороор оролцсон НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар:
-Тус хөтөлбөрт гурван залуу албан хаагчийн ментороор ажиллалаа. Залуустай ажиллаад, ярилцаад явахад тэдэнд төрийн албанд ажиллах, хийж бүтээх хүсэл тэмүүлэл маш их байдаг нь харагдсан. Хотын ажил маш хурдан өрнөдөг, асуудал нь дор бүрнээ шийдэгдээд явдаг болохоор энэ байдал нь залууст их сонирхолтой санагддаг болов уу. Гэхдээ залуусыг ганц хүсэл тэмүүллээр ажиллуулаад явна гэж байхгүй. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл ихтэй байсан залуус маань хэсэг хугацааны дараа шантарч эхэлж байна. Хүсэлт тэмүүлэл нь буурч байна. Энэ байдалд мэдээж цалингийн хэмжээ, нийгмийн болоод хувийн асуудлууд нөлөөлдөг. Үүнээс гадна нийслэлийн зүгээс залуу албан хаагчдад үзүүлэх нийгмийн дэмжлэг нь хангалтгүй байна. Ийм байдлуудаас үүдэн удаан хугацаанд ажиллах тэмүүлэл нь унтардаг. Тиймээс хэрхэн залуучуудыг төрийн албанд тогтвортой, урт хугацаанд ажиллуулах вэ, сонгуулиас сонгуулийн хооронд хийдэг халаа сэлгээний асуудлыг хэрхэн халах вэ, мэргэжлийн чадвартай боловсон хүчнээ хэрхэн ажлын байранд нь авч үлдэх вэ гэхчлэн чухал бодлогуудыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэлээ гэв.
Ийнхүү төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай 15 менторууд нь мэдлэг, туршлагаа хуваалцан, зорилгодоо хүрэх арга зам, төрийн албаар бахархах сэдлийг төрүүлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бол ментий нарын хувьд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн ач холбогдолтой хөтөлбөр байлаа.
“Нийслэл-110” менторшип хөтөлбөр амжилттай хэрэгжлээ |
2024-11-25 15:14:56
2024-11-25 15:11:57
2024-11-25 14:57:51
2024-11-25 12:08:51
2024-11-25 12:06:04
2024-11-25 12:04:20
2024-11-25 12:02:15
2024-11-25 12:00:23
2024-11-25 11:59:06
2024-11-22 13:25:20