Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүрэлцээг нь нэмэгдүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон хамтран ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийж байна” хэмээв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх нь  маш чухал. Энэ хүрээнд эхний ээлжийн  машинуудыг хүлээлгэж өглөө. Ирэх сараас том оврын, тусгай зориулалтын техникүүдийг оруулж ирэх зэргээр шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, найрамдалт харилцаатай хотуудын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх боломж бий” гэсэн юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Зам, талбайн цэвэрлэгээ арчилгааны ажил өвлийн цагт, тэр тусмаа цас орсон үед хүндэрдэг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Нэг ийм машин дөрвөн үйлчлэгчийн нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т одоогоор цэвэрлэгээний 17 машин ашигладаг, үүн дээр 28 нэмэгдэх нь. Цаашид замын мөсийг хусаж цэвэрлэх, нэмж орж байгаа цасыг сорох, мөн зам угаах зориулалтын машинууд хэрэгтэй байгаа. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэсэн” хэмээлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч М.Цэрэндондов “Зам, талбайн цэвэрлэгээнд ашиглаж байгаа хуучин машинуудыг 2019 онд оруулж ирж байсан. Бидний ажлыг маш их хөнгөвчилдөг. Энэ шинэ машинуудын хүчин чадал нь илүү юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх бөгөөд моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машиныхаас илүү, мөн тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах боломжтой зэрэг давуу талтайг нийлүүлэгч “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ онцлов.

 

Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө
2023-01-13 17:50:09