"Шилдэг мөрдөгч-2023" тэмцээний шилдгүүд тодорлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнийг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын мөрдөгчдийн дунд 2023 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, тэмцээний шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл болон цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын Удирдах албан тушаалтнууд оролцлоо.
“Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагуудаас шалгарсан 66 мөрдөгч, хэсгийн төлөөлөгчид мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвар гэсэн нийт 7 төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьж, өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр,
-Тэргүүн байрт Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Оюунмандал,
-Дэд байрт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батхишиг,
-Гуравдугаар байрт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын II дугаар тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч А.Учрал нар тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээн өмнө нь “Шилдэг хэсгийн төлөөлөгч” нэртэйгээр цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил анх удаа гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын мөрдөгчдийн дунд зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.

 


"Шилдэг мөрдөгч-2023" тэмцээний шилдгүүд тодорлоо
2023-12-18 17:05:16
Шинэ мэдээ
Санал асуулга