Үндсэн цэс
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын нөөцөөс нийт 14 мянган тн тэжээл, 850 тн өвс, 1164 тонн гурил, 582 тонн цагаан будаа, 1800 ширхэг хүсний болон эрүүл мэндийн багц олгоод байна. Мөн аймаг, сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн 27 658 тн өвсийг 141 572 өрхөд, 9 915 тн тэжээлийг 136 634 өрхөд тус тус олгож, 132 897 км замын цасыг арилгаж, зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.
Өвөлжилт хаваржилтын хүндрэлээс шалтгаалж улсын хэмжээнд нийт 4481 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 486 өрх 100 хувь малгүй болсон байна.
Мөн Засгийн газрын шийдвэрээр Хаваржилт хүндэрсэн 21 аймгийн 100 сумын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашиныг олгоод байгаа бол 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсний дагуу эхний ээлжинд 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг олгоод байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгалын явцын талаар танилцуулсан юм. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6.6 сая мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаад байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд нийт мал устгалын 1577 цэг байгуулж, ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт устгах ёстой сэг зэмийн устгалын ажил 17 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг ирэх сарын 1-нд дуусгахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяад даалгалаа.
Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн 4 объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн 5 тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.
Малын сэг зэм устгалын ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болголоо |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36