Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги тус ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг(2024.04.26) амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, МУИС-ийн Эмерит профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл оролцсоны зэрэгцээ Хууль зүйн сайдаар 1990-1992, 1996-1998 онд ажиллаж байсан, Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, академич Ж.Амарсанаа мэндчилгээ ирүүлснийг уншиж сонордуулав.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "хорих ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялангуяа олон улсын стандарт шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн бодлогыг дэмжих талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхой ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байгааг дурдаад хурлаас гаргасан эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хүндэтгэн бэхжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг дэмжин ажиллахаа" илэрхийлэв.
Эмэгтэйчүүдийн хорих тасаг, ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны үр хүүхдүүд, хамтран зүтгэж байсан ахмад ажилтнууд тус хуралд оролцсон бөгөөд Д.Дэнсмаа агсны намтар, түүхээр мэдээлэл хийсэн юм. Хуралд оролцогчдын зүгээс нийт 30 гаруй илтгэл ирүүлснийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлсний зэрэгцээ хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг нийгэмшүүлэх ажил, ял эдлүүлэх орчин, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн эрхийг хангах асуудал, жирэмсэн болон 0-2 настай хүүхэдтэй эхийн эрх, үүргийн талаар хөндсөн 8 судлаачийн илтгэлийг сонгон хэлэлцүүлж, санал бодлоо солилцсон бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо.
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов |
|