Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 06-07-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Сунь Маолины урилгаар албан ёсны ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Сунь Маолитай хэлэлцээ хийж хоёр яамны харилцаа, хамтын ажиллагааны талаар, тэр дундаа талуудын 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэн цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн хоёр яамны харьяа ижил төрлийн байгууллагууд хоорондын хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохын зэрэгцээ цаашид талуудын зүгээс хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлэв.
Түүнчлэн манай талаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нотлох баримт, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх талаар туршлага судлах, энэ чиглэлээр цагдаагийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, хоёр орны иргэдийг харилцан зорчиход гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын хууль тогтоомжийг иргэдэд таниулан сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хятадын талаас дээрх саналыг дэмжихийн зэрэгцээ хоёр талын хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа хилийн шалган нэвтрүүлэх, визийн зөвшөөрөл зэрэг асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа их сургуульд бакалаврын болон магистрын түвшинд тус бүр хоёр албан хаагчийг суралцуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэв.
Талууд уулзалтын төгсгөлд энэхүү айлчлалыг хоёр улсын хууль сахиулах болон хууль зүйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахуйц, үр дүнтэй болж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамтай хоёр талын уулзалт хийж талууд эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, мөн ялтан шилжүүлэх асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Сунь Маолитай уулзав |
|