Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, МАОЭНХ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нарыг оролцуулан 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийн хэрэгжилтийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчид хамрагдахгүй байгаа тул Нийгмийн даатгалын багц хуулийг төсөл батлагдах хүртэл хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, царцаах хүсэлт гаргалаа.
Энэхүү хүсэлтийг Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог шуурхай хуралдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс гарсан саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн талууд зохих бэлтгэлийг хангаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2021-02-22 17:01:00