Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны Элина Штайнерте тэргүүтэй гишүүдтэй 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уулзлаа. Дэд хорооны гишүүд НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн биелэлт, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль эрх зүйн орчин, шинэчлэлтэй танилцах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 05-16-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа юм. Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дээрх конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Дэд хорооны төлөөлөл гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэгдэхгүй байх үндсэн суурь нөхцөл болохыг онцлов.
НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа |
|