Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкег хүлээн авч уулзлаа. Манай улс тус байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оноос хамтран ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгмээс тусгаарлагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон хүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгэмд ч эерэг хандлагууд бий болсон юм. Төслийн хоёрдугаар үе шатыг 2020-2024 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах чиглэлд ч үр дүнгээ өгөөд байна. Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг батлуулахаар ажиллаж байна.
Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд ЖАЙКА байгууллатай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийхийг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал тавилаа.

 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа
2024-09-19 11:56:13
Шинэ мэдээ
Санал асуулга