Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Тус уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт оновчтой, зөв явах ёстой. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2021 оны эцсээр УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар үе шаттай ажлууд хийж байна. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин энэ байсан. Бид алдаа, оноо, болж бүтэхгүйгээ шүүмжилж, урагшаа харж явахгүй бол бүх болохгүй, бүтэхгүйг хотын дарга нар хийчихсэн мэт ярьж болохгүй. Улаанбаатар хотод эрх зүйн реформ, үүнийг дагасан эдийн засгийн реформ, засаглалын зөв реформ хэрэгтэй. Тэгж чадвал бид хотоо хот шиг болгож, дэлхийд өрсөлдөх Улаанбаатар болж чадна.

Манай барилгын компаниуд барилга бариад сурчихсан. Барилгаа гүйцэтгэл сайтай хийж дуусгах туршлага, чадвар, чадамжийг хуримтлуулж чадсан. Энэ бол чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэн, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүн. Эдийн засаг, бизнестэй холбоотой асуудалд маш тодорхой бөгөөд оновчтой байдлаар шийдлээ гаргаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажлын санаа болон сэдэл зөв байсан ч гүйцэтгэл дээр алдсан. Бид алдааг нь засаж, төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой” хэмээн ярилаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10827 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчид Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Гурван талт гэрээний хэрэгжилт, Барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн дөрвөн чиглэлээр санал хүсэлтээ холбогдох хүмүүст уламжилсан юм. Уулзалтын үр дүнд төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа.


Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой
2021-03-11 17:51:53