Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нартай 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уулзалт зохион байгуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт ажиллах мэргэжлийн 2 сэтгэл зүйч шүүхээс гэрлэгчдэд авсан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж буй эвлэрүүлэн зуучлагчтай хамтран гэрлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, шинжээч нар шүүгчийн захирамжид заасны дагуу хүүхдийн асрамж тогтоох асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргахаар ажиллана.
Шүүхийн тамгын газарт сэтгэл, зүйч шинжээчийг ажиллуулснаар эвлэрсэн гэрлэгчдийн тоо нэмэгдэх, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундаж хугацаа богиносох зэрэг ач холбогдолтой юм. Монгол Улсад сүүлийн 11 жилийн хугацаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар нийт 34,312 гэр бүлийн маргаан шийдвэрлэгдсэн байх бөгөөд үүнээс 4352 гэр бүл буюу 12.6 хувь нь эвлэрсэн үзүүлэлттэй байна. Санамж бичиг байгуулах үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг: УИХ-аар “Шүүх байгуулах тухай” хууль батлагдсаны дагуу бид гэр бүлийн дагнасан шүүх байгуулах бэлтгэл ажлаа хийж байна. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэг маргааны 10 орчим хувийг гэр бүлийн хэрэг, маргаан эзэлдэг. Төр, улсын оршин тогтнох үндэс нь гэр бүл бөгөөд хүүхдүүд ээж, аавтайгаа элэн бүтэн амьдрах нь чухал.
Гэр бүл салалтаас болж хүүхэд маш их сэтгэлзүйн хохирогч болдог. Тэгэхээр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээнд сэтгэл зүйчийг оролцуулахаар санамж бичиг байгуулсан нь гэр бүлийн дагнасан шүүх ажиллаж эхлэх урьдач нөхцөл болсон, цаг үеэ олсон ажил болсон гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явахгүй хойшлох гол шалтгаан нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой гээд энэ чиглэлээр хамтарч ажиллах санаачилга гаргасанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлтэй «ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ЗҮЙЧ, ШИНЖЭЭЧИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ» байгууллаа |
2025-05-16 12:42:15
2025-05-16 12:28:10
2025-05-16 12:25:35
2025-05-16 12:24:31
2025-05-16 12:17:21
2025-05-15 16:49:33
2025-05-15 14:46:49
2025-05-15 14:42:35
2025-05-15 14:39:59
2025-05-15 14:36:47