Үндсэн цэс
“Эс Ар Жи Эм” ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр “Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Нийслэлийн Түргэн тусламжийн төвд уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү төхөөрөмж нь гипохлорит натри буюу бактери устгагч бодисыг үйлдвэрлэх онцлогтой, ердийн давсаар гипохлоритын сулруулсан уусмал үйлдвэрлэж, агаарт мананцар үүсгэн, ариутгах ажиллагаатай юм. Түүнээс гадна агаар чийгшүүлэх, ионгүйжүүлэх зэрэг бусад үйлчилгээг давхар үзүүлэх хүчин чадалтай аж. Нян бактери антибиотикт дасал үүсгэдэг бол гипохлорит натри нь бактери устгах сонгодог үйлчилгээтэй байдаг учир аппарат ариутгах зэрэг үйлчилгээнд түлхүү хэрэглэдэг байна. Хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратын ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд гипохлорит натрийг байнга хэрэглэдэг гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Дээрх технологи нь Япон Улсад олон жил туршигдсан технологи юм.
Нийслэлийн “Хүрээ” амаржих газар нь жирэмсэн эхчүүд болон нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь хуучны технологиор баригдсан учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байдаг. Хагалгааны өрөө болон бусад өрөө, тасалгаанд агааржуулалт нэн чухал учир энэхүү төхөөрөмж маш чухал ач холбогдолтой юм. “Хүрээ” амаржих газар ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ор дэлгэн ажиллаж байна.
Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд таван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногтоо 120 гаруй албан хаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Эмч нар нийслэлийн сая гаруй хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авах, байгууллага дотор халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч нэн шаардлагатай байсан гэдгийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Г.Гантуяа онцолж байлаа.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар өнөөдрийн байдлаар 200 ор дэлгэн жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн амьсгалж байгаа агаар цэвэр байх нь эмчилгээний үр дүн сайнаар нөлөөлдөг. Амьсгалын замын өвчин их үед, иргэдийн уушгинд ирж байгаа ачаалал өндөр тохиолдолд агаарыг цэвэр байлгах шаардлагатай. Коронавирусийн халдвар авсан иргэдээс гадна жирэмсэн эхчүүд ч цэвэр агаарт байх нь чухал гэдгийг Нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэллээ.
Агаар ариутгах 1000 төхөөрөмж хандивлалаа |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36