Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг эхлэв

“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод эхэллээ. Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” хэлэлцүүлгийг наран ургах Сүхбаатар нутгаас эхлүүлж байна. Энэ нь тохиолдлын хэрэг хэрэг биш юм. Уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн гэрч болсон Чоногол, Түмэнцогт, Бүрэнцогт зэрэг олон уурхайг энэ нутгаас эхлүүлж байсныг дурдахад таатай байна. Өнөөдөр ч гэсэн энэ бүс нутагт Бор-Өндөр, Төмөртийн Овоо, Адуунчулуун, Тамсаг зэрэг олон уурхай, үйлдвэр ажиллаж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхай, газрын тосны салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон, цаг үеэ олсон онцлогтой чухал ажил болж байна гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтэд коронавируст халдвар (COVID-19) тархасны улмаас гадаад, дотоод нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд энэ цаг үед улс орны эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Уул уурхайн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн 2021 оны Улсын төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрсний 29.6 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг тус салбар бүрдүүлсэн. Энэ нь салбарын шууд нөлөөлөл бөгөөд туслан гүйцэтгэх үйл ажиллагааны дам нөлөөллийг тооцвол илүү их нөлөөтэй байгаа нь ойлгомжтой.

Манай уул уурхайн үйлдвэрүүд, түүнийг эрхэлж байгаа уурхайчид цаг наргүй, идэвх зүтгэлтэй ажилласны хүчинд эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж салбарын хөгжлийн дараагийн зуунтай золгож байна.

Манай яамнаас уул уурхайн салбарын хөгжлийг түргэсгэх, ойрын болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээг тодорхойлж “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд тусган холбогдох тооцоо, судалгаа, хувилбарыг боловсруулж, хэрэгжилтийг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцож, хамтран зохион байгуулж байгаа Канад улсын элчин сайд хатагтай Катрин Ивкоф, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар, Канад Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Мерит төслийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Хэлэлцүүлэгт оролцогч талууд харилцан ойлголцсон, шийдлийг олсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.


Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг эхлэв
2022-03-28 16:23:02