Хөгжлийн банкны асуудлаар “Нотлох баримт цуглуулах тухай” тогтоолын төсөл батлав

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2022.05.31) хуралдаан 12 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

    Хуралдааны эхэнд Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны талаар сүүлийн үеийн мэдээллийг тухай бүрт нь сонсож байх талаар хэлэв.
    Хуралдаанаар эхлээд “Нотлох баримт цуглуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд  Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас хуульд заасан журмын дагуу авч Түр хорооны хуралдаанд танилцуулахаар тусгажээ.

 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ.

    Үргэлжлүүлэн тогтоолын төслийн заалт бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн агуулгаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, тогтоол батлагдлаа.

    Дараа нь Хөгжлийн банкны зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонсов. Мэдээллийг тус банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа танилцуулав.

    Тэрбээр зээлийн эргэн төлөлт, эргэн төлөлт хийгдээгүй зээл, олгосон нийт зээл, дамжуулан зээлийн багц, 2016 онд төсөвт шилжүүлсэн багц, идэвхтэй зээлийн багц, хаагдсан зээл, зээл тус бүрийн мэдээлэл гэсэн хүрээнд танилцууллаа.

    2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.

 

 

   2018 онд анх зээл олгосноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй Газ-Импорт ХХК, Инжир ХХК байна. Харин 2022 оны 1 дүгээр сарын 20-иос хойш эргэн төлөлт хийгээгүй 24 зээлдэгч байна.

 

    Олгосон нийт зээлийн хувьд 2012-2022 оны хооронд 7 их наяд 477 тэрбум төгрөгийн зээл олгосноос дамжуулан зээл 1 их наяд 565 тэрбум /Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн багц бөгөөөд дэд зээлдэгчийн эрсдэлийг арилжааны банкууд хариуцдаг/, улсын төсвийн багц 2 их наяд 540 тэрбум /улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, голчлон дэд бүтцийн салбарт олгосон зээлийн багц/, төслийн орлогоос төлөгдөх шууд зээл 3 их наяд 372 тэрбум /төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөлд Хөгжлийн банк өөрөө судалгаа хийж олгосон зээлийн багц/ байна.


 

    Капитал банк болон Чингис хаан банкныхаас бусад дамжуулан зээл төлөгдөж дууссан. 2016 онд төсөвт шилжүүлсэн багцны хувьд 355 төсөлд 1 их наяд 477 тэрбум төгрөг болон 673 сая ам.долларын зээл олгосон. Идэвхтэй зээлийн багцын хувьд 57 зээлдэгчийн зээл идэвхтэй байгаагаас хэвийн 16, анхаарах 3, чанаргүй 38 байна.

 

    Хаагдсан зээлийн хувьд, 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдсөн 649 тэрбум, бусад активаар эргэн төлөгдсөн 29 тэрбум, тусгай активын үйл ажиллагааны хүрээнд эргэн төлөгдсөн 14 тэрбум төгрөг байна.    

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар банкны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлэв. Төгсгөлд нь Түр хорооны дарга Ж.Сүхбаатар Хөгжлийн банкинд хяналт шалгалт, аудит хийсэн байгууллагуудын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн хэмээв.


Хөгжлийн банкны асуудлаар “Нотлох баримт цуглуулах тухай” тогтоолын төсөл батлав
2022-05-31 18:06:57