Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

 Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран энэ сарын 27-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банканд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, цаашдын ирээдүй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хөгжлийн банкны чанаргүй зээл, өрийн бүтцийн өөрчлөлт, санхүүгийн байдлыг сайжруулах арга хэмжээ, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд салбарын төлөөлөгчид, судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсож, арга зам, гарц шийдлийн талаар санал солилцоход оршиж байгаа юм.

        Энэ жилийн хувьд Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж, Монгол Улсад анх удаа биржийн бус зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдад 25 сая доллартай тэнцэх үнийн дүн бүхий төгрөгийн үнэт цаас арилжаалсан байна. Чанаргүй зээлийг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаас гадна, шинэ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын засаглалын тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээ авч байгаа талаар банкны удирдлагууд онцоллоо.

        Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид, бизнес эрхлэгчид уг хэлэлцүүлэгт оролцож, Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөөний талаар хэлэлцсэн. Тэдний зүгээс улс орны хөгжлийг урагшлуулах томоохон төслүүдийг хөдөлгөхөд Хөгжлийн банк нэн чухал үүрэгтэй байгаад санал нэгдэж байв.

 

      Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 648.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Одоогоор тус банкны зээлийн багц 53 зээлдэгчийн нийт 2,8 их наяд төгрөг байна. Зээлийн ангиллаар танилцуулбал, 51.8 хувь буюу 32 зээлдэгчийн нийт 1,488.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтаж байна. Харин 11 зээлдэгчийн нийт 700,5 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд байгаа бол 11 зээлдэгчийн нийт 668.1 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байна.

 

     Хөгжлийн банк одоогийн зээлийн багцын 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг аж үйлдвэрийг дэмжих зорилгоор олгосон цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрийн салбарын санхүүжилтүүд эзэлж байна. Мөн иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд олгосон барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.   

       Эрчим хүчний салбарт 4 төсөлд олгосон нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл идэвхтэй байна. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” тус тус багтаж байгаа юм. Нийт зээлийн багцын 10.1 хувь буюу 291.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн салбарын  9 зээлдэгчид олгосон байна.   

“Изинис-эйр вэйз” ХХК, “МИАТ” ТӨХК зэрэг Агаарын тээврийн салбарт олгосон зээлийн үлдэгдэл 30 тэрбум байсан бол үүнээс “МИАТ” ТӨХК өнгөрсөн 7 хоногт зээлээ бүрэн төлж дуусгасан юм.

 

Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2022-09-28 11:22:46