А.Ариунзаяа: Төр засгийн зүгээс өдийг хүртэл авсан арга хэмжээ нь шимтгэл төлөлтийг багасгаж ирсэн

Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь боллоо гэсэн мэдээлэл гарах болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ болоод бусад асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2017 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тус онд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх тухай журмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд 2018 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар нэмсэн. 2020 онд 1 хувиар нэмэх байсныг Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан нэмээгүй. Энэ нь 2021 оноос эхэлж байгаа. Гэсэн ч Монгол Улсын төр засгаас КОВИД-19 цар тахлын үед 2020 оны 04 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх бодлого авч хэрэгжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 1-н хүртэл төрийн буюу төсөвт байгууллагаас бусад бүхий л байгууллагуудад нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөлт, хөнгөлөлт үйлчилсэн хэвээр байгаа. Ажил олгогч 8.5, ажилтан 8.5 хувиар буюу 1 хувиар чөлөөлөгдөж байгаа. Мөн тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн. 26 хувь боллоо гэсэн мэдээлэлд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2 хувийг оруулж тооцсон байна. Энэ 26-28 хувь нь 2007 оны хувь хэмжээ. Төр засгийн зүгээс өдийг хүртэл авсан арга хэмжээ нь шимтгэл төлөлтийг багасгаж ирсэн. Олгож байгаа хөнгөлөлт, хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Олон улсын байгууллагууд манай нийгмийн даатгалын санд үнэлгээ хийхэд бодлогын шинэчлэл хийхгүй бол бодлого буруу, алдагдалтай явж байна гэсэн зөвлөмж өгсөн. Үүнтэй 2017 оны хуулийн өөрчлөлт холбоотой. Цаашид яамны зүгээс төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл нь 2015 онд батлагдсан. 2015-2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогод “Монгол Улс цаашдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн бодлого дэвшүүлсэн. ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барихаар бэлдэж байна. 5 хууль орохоос 4 нь бэлэн болсон. Нэг хуульд нь Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ойрын хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг хийж олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Мөн Н.Учрал нарын гишүүд Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль өргөн барьсныг хамтран хэлэлцээд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 


А.Ариунзаяа: Төр засгийн зүгээс өдийг хүртэл авсан арга хэмжээ нь шимтгэл төлөлтийг багасгаж ирсэн
2021-02-02 13:16:54
Шинэ мэдээ
Санал асуулга