Х.Итгэлт: 2024 онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, шинээр 21 зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй 2024 онд төмөр замын салбарт хийгдэх онцлох ажил, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа.

-2024 онд төмөр замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудыг дурдвал?

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосонтой уялдуулж зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил гэсэн зорилт дэвшүүлсэн.

Үүнтэй уялдуулан төмөр замын салбарт ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, байнгын ашиглалтад оруулах зэрэг томоохон, ач холбогдолтой олон ажил хийнэ.

2024 онд төмөр замаар 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Өнгөрсөн 2023 онд 35 сая.тонн ачаа тээсэн. Үүнийгээ 10.5 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан.

2024 онд 1826 км төмөр зам барих барилгын ажлыг эхлүүлнэ.Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 19.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

 Мөн Улаанбаатар төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн их засварын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийнэ.

-Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ач холбогдол?

-Баруун бүсийн төмөр замын ажлыг эхний ээлжид Шивээхүрэнгээс Баянхонгорын Шинэжинст хүртэл барих ажил энэ онд эхэлнэ. Зүүн бүсэд Сүхбаатар аймгийн Бичигт боомтоосоо барилгын ажил эхлээд явна.

Баруун босоо чиглэлийн төмөр замуудыг барьснаар бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялаг эргэлтэд орж, үүнийг дагасан суурьшлын бүс, ажлын байрууд бий болно.

Цаашдаа аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх давуу талтай.

Мөн Ази, Европ, Орос, Хятадыг холбосон баруун бүсийн коридор болно. Зүүн бүсийн чиглэлийн төмөр зам ч ялгаагүй уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж,мМонгол Улс Номхон далайтай хамгийн ойр БНХАУ-ын Зүүнхатавч, Жинжөү боомт чиглэлийн төмөр замтай холбогдоно.

Дээрх төмөр замын бүтээн байгуулалтуудын үр дүнд Монгол Улс Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болж, худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж, парк шинэчлэл хийх үү?

-2024 онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг 21 зүтгүүрээр  нэмэгдүүлнэ. Тавантолгой төмөр замд Америк улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүр энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсад ирнэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн 2023 онд ОХУ-д ажиллахдаа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, шинээр 5 зүтгүүр авахаар болсон. 2024 оны гуравдугаар улиралд багтаан дээрх 5 зүтгүүрийг Монгол Улсдаа хүлээн авна.

-Ашиглалтад оруулахаас гадна техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төмөр замын төслүүд бий байх?

-Энэ онд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа 2050, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод орсон Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгана. Барилгын ажлыг 2025 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн.

Энэ төмөр зам ойролцоогоор 160км цагийн хурдтай зорчигчийн галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн. Мөн энэ төмөр замаар ачаа тээвэрлэнэ.

Үүнтэй уялдуулаад Хархорин чиглэлээс цаашаа Арвайхээр, Баянхонгор, Алтай чиглэлийн төмөр замын эхлэл болно.

Мөн Тавантолгойн бүлэг ордоос Даланзадгад, Шивээхүрэн чиглэлийн 450 орчим км төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Х.Итгэлт: 2024 онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, шинээр 21 зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлнэ
2024-02-29 14:57:50
Шинэ мэдээ
Санал асуулга