Б.Жавхлан: Иргэдэд 50, аж ахуйн нэгжүүдэд 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс Засгийн газраас хэрэгжүүлэх "10 их наядын цогц төлөвлөгөө"-ний талаар мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн зээлийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгохоор болж байгаа. Шаардлагатай тохиолдолд зээлийн 60 хүртэл хувьд нь Засгийн газар батлан даалтын үйлчилгээ үзүүлнэ. Төлөвлөгөө маань үндсэндээ зургаан чиглэлд хэрэгжинэ. Зургаан яам үүнийг хариуцаж ажиллана. Төрөөс тавьж байгаа зээлийн нэг л шаардлага байгаа. Энэ бол улсдаа данстай НӨАТ төлөгч байгаач гэсэн шаардлага. Ийм шаардлагыг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. НӨАТ төлөгчөөр бүртгүүлж амжаагүй аж ахуйн нэгжүүд байвал бүртгүүлэх хэрэгтэй.

Зээлийн энэ үйлчилгээнд бичил бизнес, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Иргэд маань үүнийг хэрэглээний зээл гэж бүү ойлгоорой. Ажлын байр бий болгодог иргэдэд олгох зээл юм шүү. Энэ төрлийн иргэд маань хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авдаг гэсэн судалгаа  байдаг. Тиймээс хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоно. Харин зөрүү долоон хувийг нь төрөөс олгоно. 20-25 мянган иргэн хамрагдана гэж тооцсон. Аж ахуйн нэгжүүдэд 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно. Хүсвэл Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэл хувьд нь баталгаа гаргуулж болно" гэв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанк Засгийн газраа зарласан 10 их наядын төлөвлөгөөний гурван хэсэгт нь оролцож байгаа. Нэгдүгээрт, Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн репо санхүүжилт. Хоёрдугаарт, ипотекийн зээл. 2021 оны хувьд 700 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээл олгоно. Гуравдугаарт, Сангийн сайдын танилцуулсан ажлын байрыг дэмжих хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох бүх бэлтгэлээ хангачихсан" гэв.

 


Б.Жавхлан: Иргэдэд 50, аж ахуйн нэгжүүдэд 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
2021-03-09 13:40:51
Шинэ мэдээ
Санал асуулга