Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага, тогтвортой байдлыг бэхжүүлэх мөн байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар тогтвортой, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ үеэр "Энэхүү санамж бичгийг үзэглэж “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг албан ёсоор эхлүүлснээр дотоодын компаниудад ногоон бондоос гадна усны экосистем, био олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрөн, усны ай савыг хамгаалах, нөхөн сэргээх бонд, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн тогтвортой хөгжлийн дэмжих бонд мөн тогтвортой хөгжлийн тодорхой зорилтод чиглэсэн хүрэх үр дүн тодорхой бонд, зорилгоо биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бондын хүүгээ нэмэх, нэмэлт төлбөр өгөх зэргээр санхүүгийн хариуцлага хүлээдэг бонд зэрэг тогтвортой санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг нь төрөлжүүлэх боломж бүрдэж байна. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн, илүү уян хатан, байгаль орчинд ээлтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, манай улсын санхүүгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах эхлэл тавигдаж байна” гэдгийг онцолсон юм.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын санхүүгийн салбарт тогтвортой санхүүтэй холбоотой шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлж хөгжүүлэх, мөн байгаль орчин, нийгэм, засаглалын шаардлагуудыг хэрэгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ингэхдээ дотоодын компаниудыг хөх бонд, тогтвортой байдлын бонд, тогтвортой байдалтай холбоотой бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээрх санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг зах зээлд гаргах, ашиглах үйл ажиллагааг дэмжих ажлыг хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлнэ. Мөн байгаль орчин, нийгэм, засаглалын буюу Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой байдалтай холбоотой тайлагналын шаардлагад нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо ногоон, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд тухайлбал 2021 онд ОУСК-тай хамтран ногоон бондын журам, бонд гаргах гарын авлагыг боловсруулж улмаар дотоодын болон олон улсын зах зээлд ногоон, нийгмийн бондын арилжаа амжилттай хэрэгжсэнээр манай улсын аж ахуйн нэгжүүд нийт 338 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад зориулж Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг боловсруулсны зэрэгцээ 2023 онд ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ (Sustainable Banking and Finance Network, SBFN)-ний гишүүн байгууллагаар элссэнээр тогтвортой санхүүгийн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бэхжүүлэх чухал алхам болсон.
“НОГООН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ |
|