“Дижитал хот” төслийн төлөвлөгөөг танилцуулжээ

“Дижитал хот” төслийн хүрээнд төрийн анхан шатны нэгж хороо, хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох “Хэсгийн ахлагчийн систем”, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах “Онлайн бизнес төв”, боловсролын салбарын үйл ажиллагааг ил тод болгох “E-school” нэгдсэн платформ, хүүхдийн автобусны системүүдийг үе шаттай нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав. Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллахаар болсон.

Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Эдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийн системийг 2022 оны нэгдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.

Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлнэ. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих юм.

Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. Эдгээр оролцогч талын оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, багш болон сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор eSchool боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Зөвлөлийн хурлаар “Дижитал хот” төслийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог ханган, шуурхай зохион байгуулж, хамтарч ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

 

“Дижитал хот” төслийн төлөвлөгөөг танилцуулжээ
2022-11-04 10:43:17
Шинэ мэдээ
Санал асуулга