Үндсэн цэс
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд:
-Энэ жилийн тэмцээнийг өдөрлөг болгон өргөжүүлж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өдөрлөгт оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэхээр бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан худалдаа, үйлчилгээ, амралтын хэсэг, явуулын хоолны хэсэг зэрэг олон төрлийн үйлчилгээг дэлгэхээр төлөвлөсөн. Мөн марафоны маршрутын дагуу явуулын DJ сет, хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, уран нугаралт, бодибилдингийн шоу, нийтийн бүжиг, дасгал зэргийг зохион байгуулах болно. Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогоор Япон, Франц, Кени зэрэг улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үүднээс 21, 42 км-ийн гүйлтийн зай, төрлийг нэмсэн.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оноос эхлэн “Улаанбаатар марафон” тэмцээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй. Энэ талаар тус компанийн Хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар марафон 2022”-т анх удаа тамирчдын гүйлтийн үеийн үзүүлэлтүүдийг хэмжих, барианд орсны дараа автоматаар зургийг нь даран, бүртгэл үүссэн хаяг руу илгээдэг RFID технологийг нэвтрүүлж байсан. Энэ жил ч тус үйлчилгээг оролцогчдод үзүүлэх бөгөөд амжилттай оролцсон иргэдэд онлайн хэлбэрээр батламж олгоно. Мөн 10 км, 21 км, 42 км-т гүйхээр бүртгүүлсэн оролцогчдод бугуйвч, дугаар, марафоны тэмдэг, стикер зэргийг өгөх бөгөөд тэмцээний логотой хувцас, усны сав зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Д.Сүхбаатарын талбайд худалдаална” гэв.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм. Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.
Иргэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үр хүүхдэдээ үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэхээр төлөвлөж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Мөн гүйлтийн зам дагуух тохижилтод анхаарч зам болон км-ийн тэмдэглэгээ, сайн дурынхны ус тараах хэсэг, бариа хэсэгт зураг авах цэг байгуулах аж.
Энэ жилийн хувьд, өдөрлөг хэлбэрээр буюу өмнөхөөсөө өргөн хүрээнд болж байгаа тул иргэд заавал гүйлтийн тэмцээнд оролцохгүйгээр бусад төрлийн арга хэмжээнд оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ |
2024-12-09 18:10:04
2024-12-09 18:04:07
2024-12-09 17:58:30
2024-12-09 11:08:40
2024-12-09 11:06:57
2024-12-09 11:01:17
2024-12-09 10:58:54
2024-12-09 10:54:35
2024-12-09 10:52:20
2024-12-05 16:16:22