Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.
Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр
Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.
Айлчлалын дүнд:
Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.
Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.
Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.
Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.
Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.
Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.
Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.
Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.
Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжиж оролцжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн /2007-2016/
Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.
Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.
Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.
190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн
НҮБ-д шинэчлэл хийсэн
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ |
2024-11-21 11:38:17
2024-11-21 11:36:32
2024-11-21 11:34:41
2024-11-21 11:32:50
2024-11-20 17:34:32
2024-11-20 17:33:13
2024-11-20 17:31:57
2024-11-20 17:30:14
2024-11-20 17:25:38
2024-11-20 12:58:38