Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
“Эрхэм монголчууд аа,
Хүндэт нийслэлчүүд ээ,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 
Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна.
 
Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ.
 
Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм.
 
Бид хамтдаа Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган энэ бүхнийг даван туулах учиртай.
 
Хамтарсан Засгийн газраас эрэмбэлэн танилцуулсан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг дэмжих тогтоол, мөн 1 сарын 17-ны өдөр гарын үсэг зурагдсан Монгол-Францын Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг дэмжин баталсан Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдал, үнэн баримт бүхэн цаасан дээр түүх болон мөнхөд үлдэнэ. Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламентын анхны намрын чуулган Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бат итгэлтэй байна.
  
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ойлголтоо нэгтгэхэд үндсэн ач холбогдол нь оршиж байгаа юм.
 
Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөсөн.
 
Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байгааг мэргэжилтнүүд дурдсан.
 
Улс төрчид шинж тэмдэгтэй зууралдах биш харин мэргэжилтнүүдийн зөвлөж буй суурь шалтгааныг шийдвэрлэх, олон нийтэд ойлгуулахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг ч тэд сануулсан.
 
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штаб байгуулан ажиллаж байна.
 
Парламентад суудалтай намын дарга нар болон үе үеийн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаад талархал илэрхийлье.
 
Нийслэлийн асуудал бол улс төржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрч, нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллахыг парламентад суудалтай улс төрийн намууд, нийслэлийн тойрог, жагсаалтаас сонгогдсон гишүүддээ уриалъя.
 
Энэ агуулгаар Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг өргөн барьж, бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийслэлд хэрэгжих төсөл арга хэмжээ, эрэмбэ дарааллын талаар нэгдмэл ойлголтод хүрэх нь чухал байна.
 
Татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүний хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна.
 
Засгийн газар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулж, Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.
 
Бүсийн анхдугаар хуралдаанаар 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, бүс нутагтаа хэрэгжүүлэх таван мега төсөл, бүсийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны нэгдсэн санал, 2026 оны улсын төсөвт тусгах санал зэргийг хэлэлцэх учир Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.


 
Улаанбаатар хотын хувьд анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онд тодотгол хийгдэж байсан бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2002 онд баталсан.
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэлэлцэн баталж байжээ.
 
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаанууд нь  
1.    Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн,
2.    Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар олголт хавтгайрсан,
3.    Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан,
4.    Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрхзүйн орчин сул,
5.    Газар олголтын асуудлаар хэт олон субъект улс төрийн гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ.
Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж,  нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн.
 
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд Нийслэлийн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан“Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэхэд энэхүү төлөвлөлт чиглэсэн болно.
 
Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих үндэс нь төлөвлөлтийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэлэлцүүлэх бөгөөд намрын чуулганд амжиж өргөн барьснаар хаврын чуулган хүртэл Улсын Их Хурал, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх цаг хугацааны боломжийг олгож байна.
 
Энэхүү Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зөвлөсөн мэргэжилтнүүд Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үе шат, эрэмбэ дараалал, төсөл хоорондын үнэлгээ хийхэд алдаа гарсныг анхааруулж, “Сontrol Tower” нэгдсэн удирдлага, зохицуулалтын аргачлал шаардлагатайг онцолсон.
 
Нэг үгээр хэлбэл, бидний хэрэгжүүлж байсан төслүүд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоорондоо уялдаа холбоогүй, эрэмбэ дараагүй, төсөл хоорондын  эерэг болон сөрөг нөлөөллийг урьдчилан тооцдоггүй, нэгдсэн их өгөгдөлд тулгуурласан дүгнэлт байдаггүй, төлөвлөлтөд олон нийтийг оролцуулах механизм сул зэрэг нь хөрөнгө, цаг хугацаа алдахад нөлөө үзүүлжээ.
 
Тиймээс ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлд хэрэгжих төслүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл авч, мэдээлэл түгээж, мэтгэлцэж хамтран ажиллахыг хүсье.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,


 
Нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийг хэрэгжих хугацаа, төслийн нөлөө, өртөг гэсэн гурван хүчин зүйлийн дагуу эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, “Сontrol Tower” аргачлал буюу нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттайгаар хэрэгжүүлнэ.
 
Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 32 км хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр туссан.
 
Туулын хурдны зам дагуу Хүй долоон худагт 30,000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтэц тавигдах нь хот байгуулалтын чухал алхам болно.
 
Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, туннел бүхий босоо тэнхлэгийн 62.5 км хурдны замын төсөлхэрэгжүүлнэ.
Энэхүү босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшигийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдоно.
 
Өнөөдөр Шинэ Зуунмод хотыг Хүннү ухаалаг хот болгон өөрчлөх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт хэлэлцүүлж байгаа нь шинэ хотын концепцийн уралдааныг олон улсад зарлахад ач холбогдолтой.
 
Хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэх боломжтой.
 
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй авто машины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулахаар төлөвлөлөө.
 
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд орон сууцны зориулалттай баригдаж буй барилга байгууламжийн зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, газар доорх байгууламж, дулааны шугам, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтэц, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах зайлшгүй шаардлагатай.
 
Нийслэлийн дулаан, эрчим хүчний хэрэглээ 3,820 МегаВатт байгаа бол цаашид 7,480 МегаВатт болж нэмэгдэх тооцоолол хийгдсэн. Иймд хоёрдугаар цахилгаан станцын эдэлбэр газар, шугам сүлжээг ашиглан тавдугаар цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хэрэглээнд 300 МегаВаттын нэмэлт эх үүсвэрийг бий болгоно. Мөн нүүрсний уурхай түшиглэн нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд шинээр байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан болно.
 
Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхгүйгээр хот тэлэх, шинэ хот байгуулах, орон сууцжуулалтын бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн төсөл хэрэгжих ямар ч боломжгүй юм.
 
Энэ намрын чуулганаар эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эрчим хүчний салбарын реформыг эхлүүлсэн нь түүхэн шийдвэрүүдийн нэг байсныг онцлон хэлье.
 
Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлийн асуудлыг сууриар шийдвэрлэх эрэмбэлэгдсэн 24 мега төслийг хэрэгжүүлэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тийм ч учраас ерөнхий төлөвлөгөөнд туссан мега төслүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн асуудлыг бүрэн хэмжээнд шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай.


 
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэх, “Control Tower” буюу нэгдсэн удирдлагын зохицуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн ойлголтод оруулах нь энэхүү хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн байх болно гэж үзэж байна.
 
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр:
·      Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд, есөн хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэх,
·      Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг найман м.кв-аас 35 м.кв болж нэмэгдэх,
·      Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмж хоёр дахин нэмэгдэх,
·      Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд илүүтэй төвлөрсөн болно.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, олон нийтийн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газар, Нийслэлтэй нягт хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье”.


Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн
2025-01-24 14:44:26
Шинэ мэдээ
Санал асуулга