Үндсэн цэс
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүн, хуульч В.Удвалтай ярилцлаа.
-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх талаар олон жил ярьсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр хуульч хүнийхээ хувьд “Энэ заалтууд л нүдээ оллоо” гэж олзуурхаж байгаа ямар өөрчлөлтүүд байна вэ?
-Гэр бүл төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Төрийн хамгаалалтад байх боломжийг хуулиар бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс төрөөс ажилчдынхаа гэр бүлийг дэмждэг байгууллагуудыг бодлогоор дэмжих, гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэхмэтчилэн төрөөс дэмжлэг үзүүлэх боломжуудыг эрж хайсан нь онцлогтой.
-Гэр бүлийн боловсролыг дэмжих ямар зохицуулалтууд оров оо?
-Гэр бүлийн боловсролыг дэмжих ойлголт ухагдахуун концевцийн хувьд энэ хуульд шинээр орж ирж байгаа. Гэр бүлийн боловсролыг сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээс эхлээд үе шаттай олгоод явах нь зүйтэй гэж үзсэн. Гэр бүлд хүүхэд хүмүүжих боломж олгоё гэдэг санаа цаана нь явж байгаа. Яагаад заавал хуульчилж байна вэ гэхээр гэр бүлийн боловсрол тасралтгүй явах нөхцөл боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдэж өгөх ёстой гэсэн үг.
-ХҮҮХЭД ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ХЭНТЭЙ ХАМТ БАЙХААС ҮЛ ХАМААРАН ӨМЧТЭЙ БАЙХААР ХУУЛЬЧИЛСАН-
-Яг хүүхдэд хандсан ямар заалтуудыг оруулахаар хэлэлцэж байгаа вэ?
-Гэр бүл саллаа гэхэд үл хөдлөх хөрөнгө хувь хүүхдэд оногддоггүй. Нэг бол аавыгаа эсвэл ээжийгээ дагаад амьдардаг. Гэтэл тэнд амьдарч байгаа хүүхдэд хувь оногддоггүй. Хүүхэд ямар хэмжээний хамгаалалттай байх вэ гэдгийг шинээр авч үзэж байна. Аав, ээжийнхээ хэнийг нь дагаж, хэн дээр очиж байгаагаас үл хамаараад хүүхдэд оногдох хувь гэж байх ёстой. Түүнээс гадна хүүхэд бол өмчийн эзэн байх бололцоог нь нээж өгөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд ороод шагнуулахад шагнал, урамшуулал нь тэр хүүхдийн цэвэр өмч байх ёстой.
-Гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан заалт орж байна уу?
-Орсон. Өөр улсын иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд бүртгэл нь хэрхэн явагдах, гэр бүлийн дунд өмчийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэхмэтчилэн маш нарийн асуудлыг хуульд шинээр оруулж байна.
- Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа, хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Өмнөх хуулиас ялгаатай нэг зохицуулалт бол хариуцлагын тогтолцоог оруулж байгаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэдний гол асуудал бол хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Нийт өрх толгойлсон эхчүүдийн 40 орчим хувь хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Энэ тэтгэмж хүүхдийн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой. Яг ийм зүйл байхгүй болохоор өрх толгойлсон эмэгтэйчүүд ядууралд өртөх нь элбэг байна. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэр гарсан бол эцэг нь тодорхой хөдөлмөр эрхлээд түүнийхээ хөлсийг өгч болно гэдэг зохицуулалт хийх нь зөв гэж үзсэн. Зарим салсан аавууд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нэг удаа бүрэн төлөөд өгөх бодолтой яваад байсан гэж тайлбарладаг. Гэтэл хүүхдийн тэтгэмж хүүхдийн ирээдүйд гэхээсээ илүүтэй одоо цагийн хэрэгцээнд түлхүү хэрэглэгдэх учиртай.
Ярилцсанд баярлалаа.
В.Удвал: Төрөөс гэр бүлд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжинэ |
2024-10-15 18:00:44
2024-10-15 17:59:06
2024-10-15 17:56:50
2024-10-15 17:52:53
2024-10-15 17:51:32
2024-10-15 17:48:40
2024-10-15 17:46:53
2024-10-15 14:18:33
2024-10-15 11:10:12
2024-10-15 11:06:45