Олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болох зорилготой МСҮТ

Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс улс орнууд шинэ зохион байгуулалтад шилжиж, хүн хоорондын харилцаанд ч тодорхой өөрчлөлтүүд орлоо. Ялангуяа хүн олноор цуглардаг боловсрол, сургалтын байгууллагууд үйл ажиллагаандаа техник технологийг ашиглан интернэтийн тусламжтайгаар сургалтаа явуулсаар байна. Цар тахлыг хязгаарлаж чадсан зарим улс орон боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж эхэлсэн бол дотооддоо халдвар алдаагүй манай улсын хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхэнд танхимын болон цахим хэлбэрийг хослуулан сургалтаа явуулж байсан Монгол Улс хэдхэн хоногийн өмнөөс танхимаар хичээлээ орж эхэллээ. Энэ байдал нь хэдэн сар гэрээсээ ажиллаж, суралцаж байсан багш суралцагсдад баяртай үйл явдал болсон юм.  

Өнгөрсөн өдрүүдэд салбарын сайд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүний зэрэгцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллаж цаашид анхаарлаа хандуулахаар болсон нь онцлог үйл явдал болов. Манай улсад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 81 төвд 37 мянга гаруй суралцагч мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Тэдгээрээс энэ удаа Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг онцлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Хүний хөгжлийг дээдэлсэн, олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болох зорилготой тус төв Хан-Уул дүүрэгт байрладаг. Хүний хөлөөс зайдуу, автобусны буудлаас хол ч мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн энэ төвийг зорин ирж суралцах хүсэлтэй залуус олон байдаг. Хэдийгээр бусад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй харьцуулахад төлбөртэй ч сургуулиа төгссөний дараа ажлын байранд бүрэн хамрагддагийг нь харахад сургалтын чанар нь ямар түвшинд хүрсний илэрхийлэл юм.

Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь гагнуурын бүх төрөл, барилгын цахилгаанчин, токарь-фрезер, даралтат сав, турбин, уур, халуун усны дамжуулах шугамын угсрагч, зуухны машинист зэрэг мэргэжил эзэмшүүлдэг. Нэг жилийн болон богино хугацааны сургалтаар 2000 орчим хүнийг төгсгөж, тэд өдгөө тус төвийн харилцагч байгууллагуудад ажиллаж байна. Ялангуяа гагнуурын мэргэжлээр төгсөгчид нь Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс олон улсад гагнах эрхтэй үнэмлэх сертификат болон  мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээтэй төгсдөг нь суралцагсдад давуу тал болдог ажээ. Суралцах орчин, сургалтын материаллаг бааз нь орчин цагтай хоршиж буй нь залууст давуу тал болдог. Дэлхийн аль ч улс оронд очсон тэдний ажлын байранд хэрэглэх тоног төхөөрөмж шинэ, хэрэглэж байгаагүйн зовлон дагуулахгүй гэдгийг багш нар нь онцгойлон дурдаж байлаа.

Ч.Анхаа: Суралцагсдаа сайн мэргэжилтэн болгох зорилготой

Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ч.Анхаатай хэдэн хором ярилцлаа. Төгсөгчдөөрөө ямар их бахархдаг нь түүний  ярианаас мэдрэгдэж байсан юм.

-Хичээлийн шинэ жилийнхээ бэлтгэлийг хэрхэн хангасан бэ?

-Гагнуурын дадлагын газарт засвар үйлчилгээ хийсэн. Мөн зарим тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Суралцагсдаа сайн мэргэжилтэн болгоё гэсэн зорилгоор ажиллаж байна.

-Суралцагсад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлгээ авна биз дээ?

-Тэгэлгүй яахав. 200 мянган төгрөг хүүхдүүдэд их нэмэр болдог. Бид нийгмийн хариуцлагаа ямагт эрхэмлэдэг. Хан-Уул дүүргийн халамжийн байгууллагатай хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд хоёр хүүхдийг гагнуурын ангидаа элсүүлсэн.

-Танай сургуульд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд сурч байна уу. Гагнуурчин болохоор эмэгтэй хүүхэд хандах тохиолдол бий юү?

-Хүйсийн хувьд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд ирдэг. Барилгын цахилгааны ангийг эмэгтэй хүүхдүүд төгсөж байсан. Токарийн ангид ч хэд хэдэн эмэгтэй хүүхэд сурсан. Өнгөрсөн жил хоёр эмэгтэй хүүхэд төгссөнөөс нэг нь маш сайн байгаа. Тэр охины аав ээж нь манайд ирж “Сургуульдаа үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Үүний хариуд хүүхэд үнэхээр сайн байвал сургуульдаа багшаар авна гэдгээ хэлсэн. Гэхдээ сургуулиа төгсөөд шууд багш болчихгүй. Цехэд хоёр, гурван жил ажиллаж туршлагажих шаардлагатай.

Олон улсын тэмцээнд амжилт үзүүлэгсэд энэ МСҮТ-ээс төрөн гарсан

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа талаар ярих болсон. Гэхдээ сургалтын чанар ямар байгаа бол. Улсын буюу үнэ төлбөргүй суралцах боломжтой мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн ур чадварт холбогдох газрууд анхаарах шаардлагатай юм. Үүний нэгэн адил хувийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөнд анхаарал хандуулах хэрэгтэй байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг  тодорхойлох хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээр мэргэжлийн боловсрол сургалтын төвийн нэр хүндийг өсгөх, олон улсын стандартад хүргэх, улсынхаа хөгжлийн бодлоготой уялдаа холбоотой чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх асуудлыг хөндсөн байдаг.  Хэлэлцүүлгийн үеэр “Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр чанар, стандартыг чухалчилна. Судалгаанд үндэслэн хүний нөөцийн боловсон хүчнийг бий болгоход мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  оролцоо маш чухал” гэсэн асуудлыг онцлон ярилцсан юм. Одоо байгаа суурин дээр нь багахан анхаарал хандуулахад ирээдүйн сайн мэргэжилтнүүд төрнө. Үүнийг Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн туршлагаас харж болохоор байна. Энэ төвөөс олон мундгууд төрсөн гарсан. Тухайлбал, “Монгол ур чадвар 2018” гагнуурын тэмцээнд тус сургуулийг төгсөгч Т.Оюун-Эрдэнэ оролцож, тэргүүн байрт шалгарч байжээ. Мөн онд БНХАУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээнд Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч Д.Нямрагчаа 18 насандаа оролцож, хагас автомат гагнуурын төрөлд алтан медалийн эзэн болж байсан юм. Тэднийг буухиалан суралцаж буй сурагчдаас олон улсын тэмцээнд оролцох чадвартай хүүхэд  цөөнгүй байгаа аж.

Ингээд Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй сурагчдын заримынх нь сэтгэгдлийг сонслоо.

Л.Баасанбат: Гагнуурын ажил сонирхолтой санагддаг учраас энд ирж сурсан

-Би Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өнгөрсөн жил элссэн юм. Энд сураад цахилгаан болон хагас автомат гагнуурын мэргэжилтэй боллоо.  Хүмүүс  их, дээд сургуульд элсэх сонирхолтой байдаг. Миний хувьд гагнуурын ажил сонирхолтой санагддаг учраас энд ирж сурсан. Төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь энэ сургуулийн нэг онцлог нь.  Цаашдаа үргэлжлүүлэн мэргэшихээр төлөвлөөд байна.

Г.Отгонцэцэг: Тэтгэлэг болгож өгдөг 200 мянган төгрөг намайг илүү сайн сурахад дэмжлэг болдог

 -2018 оны шилдэг ажилчин болсон Уужимсэтгэл эгчээс үлгэр дуурайл авсан. “Яагаад эмэгтэй хүн гагнуурчин болж болохгүй гэж” гэсэн бодол төрж Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурахаар элссэн юм. Эхний үед би гагнуурын очноос цочдог байлаа. Илүү их хичээсний үр дүнд магтаалын үг сонсож, мэргэжилдээ улам илүү дуртай болсон. Сургуулиас ч намайг их дэмжсэн учир их урам авсан шүү. Мөн тэтгэлэг болгож өгдөг 200 мянган төгрөг намайг илүү сайн сурахад дэмжлэг болдог. Ирээдүйд сургуульдаа багшлахаар төлөвлөсөн. Сайн багш болохын тулд илүү их хичээх болно.

Б.Буяндалай: Зэргээ ахиулахын тулд дахин нэг жил суралцана

-Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурахыг аав маань надад зөвлөсөн. Дээр нь би гагнуур хийх дуртай. Аав маань гагнуурчин хүн учир мэргэжлийг өвлөж авъя гэж бодсон юм. Энэ сургуулийн сургалтын хөтөлбөр нь сайн. Практик сайн хийлгэдэг учраас сургуулиа төгсөхдөө олон зүйлд суралцана. Одоо олон найзтай болсон. Гагнуур хийх чадвар маань ч дээшилсэн. Одоо би IV зэрэгтэй. Зэргээ ахиулахын тулд дахин нэг жил суралцахаар төлөвлөөд байна гэв.

Б.Сэлэнгэ


Олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болох зорилготой МСҮТ
2020-10-08 12:13:29
Шинэ мэдээ
Санал асуулга