Үндсэн цэс
Тав тухтай орчныг бүрдүүлж, дотоод заслаа халуун дулаан мэдрэмж төрүүлэхээр тохижуулсан кофе шопыг өглөө эртлэн зорилоо. Байршлын хувьд олоход амархан. Бас ойрхон тоглоомын талбай байхыг хараад ээжүүд хүүхдээ салхилуулангаа кофе уух боломжтой юм байна гэсэн сэтгэгдэл төрөв. Монгол гэр сувинер, кофе шоп гаднаас нь харахад ч содон. Гар доорх материал ашиглан, эко орчныг бүрдүүлжээ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл модны холтос байв. Хаанаас ч олох боломжтой холтсоор кофе шопод чимэглэл хийжээ. Хаалгаар нь оронгуут модоор урласан сандал, ширээ угтах агаад ямар ч хүн суухад тохиромжтойгоор урлуулсан байлаа. Өнгө будаг нь хүний сэтгэлд хүрэхээр гэгээлэг бөгөөд монгол ахуйг илтгэсэн зургаар чимэглэсэн нь гоёмсог харагдуулж байсан юм. Сүүлийн үед хүмүүс гэрийнхээ дотоод засалд хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй, аль болох эко бүтээгдэхүүн сонгодог болсон. Үүнийг кофе шопын дотоод засал санагдуулж байлаа. Учир нь, тэндхийн бараг бүхий л зүйлийг модоор урлажээ. Кофе, модны үнэр нийлэн содон үнэр анхилах аж. Ийм орчинд баристагийн гарын кофег уунгаа гадаад орчныг ажиж хүссэн хөгжмөө сонсох боломжийг бүрдүүлжээ. Хэрвээ арай өөр орчин кофе ууя гэвэл дотор зассан өрөөнд орж тухалж болно. Тэндээс захиалсан кофегоо хэрхэн бэлтгэж буйг харж болох юм. Гэхдээ орчны хувьд арай өөр, кофе шопын үүдэнд засаж тохижуулсан хэсэг илүү задгай байсан бол энд яг л монгол гэрт зочилсон мэт мэдрэмж төрнө. Дотор мөн л монгол хээ угалзаар чимсэн модон ширээ сандлыг байрлуулжээ. Тухайн хэсгийн дээр тооно байрлуулсан агаад орчин тойронд зүймэл урлалаар урласан бүтээлүүдийг дэлгэсэн нь орчинтойгоо зохицсон байлаа.
Уух зүйлээ захиаллаа. Энд кофе үүссэн орон буюу араб кофены үрээр хуурсан мэргэжлийн баристагийн американог 3500 төгрөгөөр авах боломжтой. Үнийн хувьд ч боломжийн юм. Бариста латте хийх зуураа надад цэвэр уус хийж өгөв. Гэхдээ энгийн нэг аяганд бус бидний хэрэггүй гээд хаячихдаг олон төрлийн чанамлын шилийг тэд ийн ашиглажээ. Шилэнд халуун зүйл хийхээр гараа түлэх эрсдэлтэй. Тиймээс үүнээс сэргийлж шилнийхээ гадуур тусгайлан бөгж оёсон байлаа.
Монгол гэр сувинер, кофе шопыг “Шинэ замнал” төрийн бус байгууллагын дэргэдэх Зүймэл даавуун урлал төвийнхөн нээжээ. Цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн учир тэд хажуудаа кофе шоп ажиллуулах болсон байна. Зүймэл даавуугаар урласан бүтээлийг худалдан авагчдын олонх нь жуулчид аж. Тиймээс тэд үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд олон төрлийн ажлыг хийж эхэлжээ. Кофе шоп бол үүний нэг хэсэг нь. Хүмүүс кофе уухын зэрэгцээ тэдний бүтээлээ хэрхэн хийж байгааг харах боломжтой. Мөн багахан төлбөр төлөөд өөрөө ч олон төрлийн даавууны өөдөс ашиглан ахуйн зүйлээ оёж болох юм байна. Тухайлбал, дэрний уутаа оёж болно. Түүнчлэн ердийн хувцсаа багахан чимэглээд хүмүүсийн нүд унахаар болгон чимэглэж болохыг харлаа.
Ц.Сэлэнгэ: Бид хүний хэрэггүй гээд хаясан даавуу, торгоны өөдсийг “амилуулдаг”
Тус кофе шопыг санаачлан үүсгэн байгуулсан “Шинэ замнал” төрийн бус байгууллагын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийн захирал Ц.Сэлэнгэтэй энэ үеэр ярилцсан юм.
-Та гар урлалаас тэс ондоо мэргэжилтэй. Яагаад төрийн бус байгууллага байгуулж, урлаачдад зориулсан төв ажиллуулах болсон юм бэ?
-Би хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Мөн орчуулагчаар олон жил ажиллаж байсан. “Шинэ замнал” төрийн бус байгууллагын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийг байгуулснаас хойш 20 орчим жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд бид гар урлалын чиглэлээр түлхүү үйл ажиллагаагаа явуулсан. Тэр дундаа зүймэл даавуун урлалыг сонгон хүмүүст зааж сургахын зэрэгцээ сургалт явуулж байна. Сургалтдаа 4000 орчим эмэгтэйчүүдийг хамруулжээ. Энэ хугацаанд нийслэлийн болон аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар хамтран ажилласан. Түүнчлэн бид сүүлийн үед кофе шоп нээгээд ажиллуулж байна. Гар урлал манай кофе шоптой салшгүй холбоотой. Бид торго даавууны өөдсийг дахин боловсруулж гар ажиллагаа шаардсан гоёмсог бүтээлийг хийдэг. Бүтээлийг сургалтад суусан эмэгтэйчүүд урладаг. Тэр дундаа зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн урласан бүтээлүүд байдаг. Зорилтот бүлэг гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд багтдаг. Бидний бүтээлийг худалдан авдаг, гол хэрэглэгчид гадаадын жуулчид байсан. Цар тахлын улмаас манай улсад жуулчид ирэхгүй болсон нь бидний худалдан авалтад нөлөөлсөн. Дээр нь манай төвийн халуун усны паар задарч тэнд байсан бүх бүтээлийг дахин ашиглах боломжгүй болгосон юм. Манай төвийнхөн бүтээлээ Улсын их дэлгүүрт худалдаалдаг байсан. Тэнд гарсан галаар тэнд байсан бүтээлүүд үгүй болж бид давхар уналтад орсон. Ерөнхийдөө 8000 гаруй ам.долларын үнэ бүхий бүтээл байсан юм. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан бид эргэлтийн хөрөнгөгүй болсон. Тэгж байхдаа кофе шоп нээн ажиллуулах санаа төрсөн. Би кофе уух дуртай. Гаднын улс орнуудад явахдаа кофе шопыг нь сонирхон танилцаж байсан минь тус нэмэр боллоо. Ер нь үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд кофе шопыг ажиллуулж эхэлсэн.
-Гар урлалаа хөгжүүлсэн ямар улс оронд очиж байв?
-Вьетнам, Камбож улс гар урлалаа нэлээд хөгжүүлсэн байдаг. Яг манайх шиг кофе уунгаа тэдгээр улсын гар урлалын бүтээлтэй танилцах боломжтойг харсан. Орчинтой нь танилцахад гайхалтай мэдрэмж төрсөн. Бид тэндээс дутахааргүй зүйлийг хийх боломжтой. Гар урлалын бүтээлтэй кофе шопоор үйлчлүүлэхэд халуун дулаан мэдрэмж төрдөг. Энэ шийдэл хүмүүсийн сэтгэлд нийцэж байгааг мэдрэхэд баяртай байна. Цаашид олон салбар нээнэ гэж төлөвлөсөн.
-Үндэсний ахуйг харуулсан кофе шоп Монголд өөр байдаг юм болов уу. Энэ хүрээнд та судалгаа хийсэн үү?
-Монголд ховор байх гэж бодож байна. Дээр нь зүймэл урлалын бүтээлийг хэрхэн хийдгийг манайд ирээд үзэх боломжтой. Хүсвэл манай сургалтад хамрагдаж болох юм.
-Хүмүүсийн хэрэггүй гээд хаядаг даавууны өөдсөөр бүтээл хийдэг нь танай төвийн давуу тал уу?
-Бид хүний хэрэггүй гээд хаясан даавуу, торгоны өөдсийг “амилуулдаг”. Үүгээрээ байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийнхээ өрхийн орлогод нэмэр болж байна. Мөн чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглаж байгаа гээд дурдвал олон талын ач холбогдолтой. Зүймэл урлалаар бүтээл хийхэд маш их цаг хугацаа шаарддаг.
-Одоо хэчнээн хүнтэй хамтран ажиллаж байна вэ?
-Өмнө нь 30-40 хүнтэй хамтран ажиллаж байсан. Одоо бол 10 ч хүрэхгүй байгаа. Учир нь, бид тэднийг цалинжуулах боломжгүй байна. Гэхдээ бид чадах чинээгээрээ ажиллана, сургалтаа ч явуулна. Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт хийнэ. Тиймээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд “Монгол гэр” кофе шопоо нээсэн.
-Кофе шопоо эхлүүлэхийн өмнө эхлээд баристагаа бэлтгэсэн үү, эсвэл танай төвийн эмэгтэйчүүд дунд мэргэшсэн хүн байв уу?
-Кофены машин сонгохоос ажлаа эхэлсэн. Эхлээд кофены жижиг машин авч ажиллуулж үзсэн ч бидний хүссэн амт гараагүй. Тиймээс тусалж дэмждэг байгууллага болон найз нөхөдтэйгөө ярилцаж байгаад кофены машин авсан. Ер нь их үнэ өртөгтэйг мэдсэн. Үүний дараа машинаа ажиллуулах мэргэжлийн хүн бэлтгэх хэрэгтэйг ойлгоод бид хэдэн хүнийг сургалтад хамруулсан. Сайхан амттай кофе бэлтгэх нь урлаг юм байна гэдгийг ойлгосон.
-Одоо та бүхэн кофе хийхдээ хаанахын бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа вэ?
-Манай кофе шопын онцлог кофены ногоон үрээ өөрсдөө хуурч хүмүүст хүргэдэг. Бид ямар амт чанартай кофе бэлтгэж байгаагаа ойр орчныхоо хүмүүст ойлгуулахын тулд амталгаа явуулсан. Одоо холгүй газруудад хүргэлтээр үйлчилж байна.
Хямралыг боломж гэж харжээ
“Хямралыг боломж гэж хар” гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Үнэхээр Зүймэл даавуун урлалын төвийнхөнд ойр ойрхон хүнд асуудал тулгарчээ. Эхнийх нь цар тахал дэгдэж гадаадын аялагч, жуулчин ирэхгүй боломжгүй болсноор тэдний бүтээлийг худалдан авах хүн эрс багасжээ. УИХ дэлгүүрт гал түймэр гарахад тэнд худалдахаар тавьсан бүх бүтээл нь шатсан байна. Мөн тэдний төвд ус алдаж урлаачдын хийсэн бүтээлийг худалдах боломжгүй болсон гээд тус төвийнхөн олон саад бэрхшээлийг даван туулсны эцэст кофе шопоо нээжээ. Тэд эргэлтийн хөрөнгөтэй болохын тулд шинэ ажил сэдсэн байна. Урлаачид ярилцаж байгаад хэдэн хүнээ бариста бэлтгэх сургалтад хамруулснаар тэд нэг алхам урагшилжээ. Нэгэнт баристагаа бэлтгэсэн учир хэд хэдэн газар кофе шопынхоо салбарыг нээх бодолтой байгаа аж. Учир нь, энэ бүхний ард олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Зүймэл даавуун урлалын төвийнхөн ашгийн бус ажил зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, үйлэнд уран нэгнийх нь бүтээлийг борлуулж өгдөг байна. Үүнээс гадна 18-55 насны эрхэлсэн ажилгүй, оёдол гар урлал хийх сонирхолтой хүмүүстэй хамтран ажилладаг ажээ. Тиймээс л тэд үйл ажиллагаагаа зогсоохгүйн төлөө хичээж байна. Үүний тулд илүү сайхныг урлаж, өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглахаар хичээж явна.
Б.Сэлэнгэ
Аяга дүүрэн аз жаргал бэлэглэх кофе шоп |
2024-11-21 11:38:17
2024-11-21 11:36:32
2024-11-21 11:34:41
2024-11-21 11:32:50
2024-11-20 17:34:32
2024-11-20 17:33:13
2024-11-20 17:31:57
2024-11-20 17:30:14
2024-11-20 17:25:38
2024-11-20 12:58:38