Үндсэн цэс
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн дэмжлэгтэйгээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулсан билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбар бүрийн төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргээс ирсэн 800 гаруй төлөөлөл оролцсон чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар нээж үг хэлэв.
Үндэсний чуулганы нэгдүгээр хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилтийн дүн шинжилгээ, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, анхаарах асуудал, хүчирхийллийн хохирогчдод үзүүлж буй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, түүнд тулгамдаж буй асуудал зэрэг илтгэлийг сонсож, панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, саналыг хэлэлцэв.
Үндэсний чуулганы хоёрдугаар хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж буй үйлчилгээ, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүчирхийллийн хохирогч хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал зэрэг илтгэлийг сонсож, панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, саналыг хэлэлцлээ.
Энэ үеэр зохион байгуулагч талуудын байр суурийг сонирхлоо.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: Урьдчилан сэргийлэх ажилд илүү анхаарах хэрэгтэй байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлаад 6 жил болж байна. Бид хуулийн хэрэгжилтийг дүгнэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд гол байр суурь эзэлдэг хамтарсан багийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа ярилцах, хүндрэл бэрхшээлээ харилцан хэлэлцэхээр үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн чуулган манай яамнаас Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн дэмжлэгтэйгээр болж байна. Хүчирхийллийн эсрэг хамтран ажилладаг бүх шатны 800 орчим хүн энэхүү үндэсний чуулганд оролцож байна. Бидний хувьд хуулиа шинэчилж баталсан, тодорхой хэмжээгээр институцын төвшинд ахиц гарч байгаа ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах, хамтарсан багийн үйл ажиллагааг илүү чадваржуулах, байнгын тасралтгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Энэ утгаараа үндэсний чуулганы онцлог бол цаашид хийх ажлаа илүү үр дүнтэй болгохын тулд хамтдаа гарц шийдлээ ярилцаж байна.
ХЗДХЯ-ны зүгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, ХНХЯ-наас мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус өргөн мэдүүлж хэлэлцэхэд бэлэн болоод байна. Ер нь цаашдаа бид хууль шинээр баталж гаргах нь чухал хэдий ч нөгөө талаар хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгоход зайлшгүй анхаарч, төсөв, хүний нөөцийн хуваарилалт, институцын чадавхийг оновчтой болгох хэрэгтэй байна.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талд зэрэг ажиллах ёстой
Азийн хөгжлийн банкны зүгээс бид нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах талд зэрэг үр дүнтэй ажиллах ёстой гэж харж байгаа. Хариу ажиллагаан дээр хууль сахиулах байгууллага болон хамтарсан багийн зүгээс илүү хохирогч төвтэй энэ аргачлалаар ажиллавал илүү дүнд хүрнэ, түүнд хөрөнгө оруулна гэж харж байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар:
Хамтарсан баг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний зардал гардаг. Энэ асуудлыг бид төсөвт тусгах замаар шийдэж байна. Төсөв 2017 оноос хойш хангалттай нэмэгдсэн. Анх 2017 онд 900 сая төгрөг байсан бол 2023 оны байдлаар 8.0 тэрбум төгрөг болсон. Ирэх жилийн төсөвт бол энэ чиглэлээр зарцуулах зардлыг 14 тэрбум болгож нэмэгдүүлж байгаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Н.Өлзийхутаг:
Өнөөдөр гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд их илэрч байна гэдэг асуудал гарч байгаа. Энэ нь нэг талаар илрүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой. Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөр тутам, сард, жилд ирж байгаа дуудлагыг харахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол хүмүүст хуулийн хүрээнд хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх боломжгүй юм байна гэдэг ойлголт, хандлага нэмэгдэж буйн илрэл юм.
Сүүлийн жилүүдэд ХЗДХЯ, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр олон нөлөөллийн ажил зохион байгуулж байна. Төр болон олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагын оролцоотойгоор олон төрлийн нөлөөллийн ажил зохион байгуулж байна. Ялангуяа анхан шатанд ажилладаг хамтарсан багийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хүчирхийллийн хохирогчидтой ажиллах тал дээр илүү анхаарч ажиллаж байна.
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал байна |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36