Гэр бүлийн тухай хуулийг хэрхэн шинэчлэх вэ?

Хуулийг шинэчлэн өөрчлөх бодит үндэслэл

Засгийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хууль зүйн байнгын хорооны эхний босгыг даваад байгаа билээ.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсон өөрчлөлт байжээ.

Монгол Улсад 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тухайлбал, Монгол Улсад 2017-2019 онд жилд дунджаар 20-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020 онд 14 орчим мянга болж буурчээ. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас дурдвал 2020 онд 53678, 2021 оны эхний хагаст 20602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн нь нийт хэргийн 10.1 хувийг эзэлж байна. Гэрлэлт дуусгавар болох үед хүүхдийн эрх, ашиг хөндөгддөг.

Түүнчлэн 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд мэндэлжээ. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүртгүүлсэн гэрлэлтээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг хуульчлах шаардлага үүссэн.

Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.

Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулсан.

Шинээр тусгасан онцлог заалтууд

·      Төсөлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын тодорхой болгож, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

·      Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг төсөлд тусгажээ.

·      2010 онд гэрлэлт цуцалсан тоог 2021 оны тоотой харьцуулахад 10.1 хувиар өссөн байна. Иймд гэрлэлт цуцлах харилцаанаас үүсэх үр дагаврыг сайтар тооцох, гэрлэгчид болон хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зохицуулалтыг нарийвчилсан байна.

·      Төсөлд гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсхүл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй зэрэг тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгажээ.

·      Хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан байна.

·      Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна.

·      2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримт нь хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсны илэрхийлэл гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийг тодорхойлох, цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд тэжээн тэтгэх асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг зохицуулах зохицуулалт байдаггүй. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

·      Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна.

·      Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хамтран хүлээх зарчмыг тодорхой зохицуулжээ. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эд хөрөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах зохицуулалтыг мөн тусгасан байна.

·      Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд хүүхдийн тэтгэлгийг шийдвэрийн 50 гаруй хувь нь огт төлдөггүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэлэг авагч нийт 13.866 хүүхэд байгаагаас 9739 хүүхэд тэтгэлгээ авч чадаагүй ба тэтгэлгийн хэмжээгээр нь тооцож авч үзэх юм бол 6 тэрбум 606 сая төгрөг төлөгдөөгүй байгаа гэв. Тэгэхээр Гэр бүлийн хуульд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хэрхэн өөрчилж, хүүхдэд ээлтэй байдлаар шийдэх вэ гэдэг бол хамгийн чухал асуудал.

Манай улсын хувьд тэтгүүлэгч буюу хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцсон тэтгэлгийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа, нөгөө талаас тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдахгүй байна гэсэн шүүмж гардаг байна. Зарим улс тэтгэлэг тогтоох тусгай аргачлалтай бөгөөд тэтгэлгийн хэмжээ, хүүхдийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан тэтгэлэг төлөгчийн орлого нөхцөл байдалтай уялдуулж, тэтгэлэг авагч тус бүрд өөр өөр байдлаар тогтоодог байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийн харилцааг зохицуулсан гэрээ байгуулж ч болдог байна. Иймд шүүх гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Мөн гэрлэлт цуцлалт дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэлгийн хэмжээг өөрчилж, тэтгэлэг авагч болгон тэтгэлэг төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж, эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг тусгажээ.


Гэр бүлийн тухай хуулийг хэрхэн шинэчлэх вэ?
2023-12-14 18:43:10