Үндсэн цэс
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль хүүхдэд ээлтэй байгаасай, хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлсэн хууль болоосой хэмээн олон нийт чих тавин хүлээж байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөх бүрд, хүүхэд амь насаараа хохирох үед, аливаа гэмт халдлагын золиос болох бүрд халаглан шогшрохоос илүүтэй өдөр бүр хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүүхдийн тав тухтай амьдрах ээлтэй орчин, сурч боловсрох таатай орчин, эрүүл энх өсч торних орчныг бүрдүүлэхэд томчууд бид хүчин зүтгэх ёстой билээ. Иймд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бодитой бууруулах, хүүхдийн эрхийг дээдлэх чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим ажлуудаас онцлон дурдъя.
2023.10.05. ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛАХ ХҮСЭЛТ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс “Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлаар” сонсгол явуулах хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан хүргүүлжээ. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд Хяналтын сонсголын тов тогтоож, даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгийг томилсон юм.
2023.10.13. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023.10.25. ХЯНАЛТЫН СОНСГОЛ
Хяналтын сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэд хуулийн этгээдийн төлөөлөл бүхий нийт 106 оролцогч бүртгүүлснээс нийт 85 оролцогч хүрэлцэн ирж оролцов.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” илтгэлдээ ”Монгол Улсын хувьд Хүүхэд хамгааллын тухай хуулиар Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны хууль эрх зүйн хүрээг анх удаа үндэсний, орон нутгийн, анхан шатны түвшинд тогтоож, хүүхэд хамгааллын асуудалд салбар бүрийн оролцоо, чиг үүргийг тодорхой хуульчилж хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2016 онд батлагдан гарсан дээрх хуулиудаас хойш хүүхэд хамгааллын тогтолцоонд Хүүхдийн тусламжийн утас, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг олон үйлчилгээ үзүүлэгч талууд нэмэгдсэн нь сайшаалтай хэдий ч эдгээр талуудын хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, нэгдмэл байдал хангалтгүй байна” гэв.
Хүний эрхийн Үндэсний комисс 2020-2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэж, 172 удаагийн хяналт шалгалт хийж, Комиссын 8 зөвлөмж, 2 санал, Комиссын гишүүний 21 зөвлөмж, 11 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ. Комисст ирж буй гомдол мэдээллээс харахад Хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох, хүүхдийн халдашгүй, чөлөөтэй байх болон аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэдээлэл авах зэрэг олон эрх нь зөрчигдсөн гэх асуудлаар Комисст хандах иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж. Отгонтэнгэр их сургуулийн багш Р.Очирбал “Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл” илтгэлдээ хөдөлмөр эрхэлж байгаа 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд, мөн 5 хүүхэд тутмын 2 нь аюултай ажил эрхэлдэг. Ийм ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 31,7 хувь нь охид, 68,3 хувь нь хөвгүүд бөгөөд ихэнх нь хөдөө амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн сурч боловсрох, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ашиглалтын шаардлага хангахгүй,барилга, байгууламжаас эхлээд зөрчигдөж байгаа талаар дурдав.
2023.10.31. ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАН
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хяналтын сонсголын тайланг хэлэлцэв. Хүүхдийн тусламжийн утас, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, нийгмийн ажилтан зэрэг тусгайлсан бүтэц байгуулан хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг Монгол Улс бий болгож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа ч бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгааг сонсголын тайланд дурджээ. Байгууллага хоорондын болон хууль эрх зүйн уялдаа холбоогүй байдал нь үүнд нөлөөлж байгаа гэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад шаардлагатай мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлыг судлан тогтоож, шаардлагатай бол хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх замаар төрийн бус байгууллагуудтай хамтрах, гэрээлэх хэлбэрээр ажиллах талаар судлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад нөлөөлж буй суурь шалтгааныг тогтоох; хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудлаас гадна цахим хэрэглээ, оюуны боловсролын асуудалд нөлөөлөх арга хэмжээг бодлогын түвшинд тогтоож, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтын уялдааг хангах, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэв. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйн улс орны нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд нэн чухал болохыг сонсголын үеэр онцолжээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох шаардлагатай гэж үзжээ.
2023.10.17. НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
Байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
2023.10.20. УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа илтгэлдээ 2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээллээ.
Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үүрэг оролцоотой уялдуулж хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн үе шат, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвдөө хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохыг зорьжээ. Хуулийн төсөл боловсруулах хүрээнд, 20 удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан зохион байгуулж, тэдний саналыг авсан байна.
2023.11.07. АЖЛЫН ХЭСЭГ
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан юм. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Б.Бейсен, П.Анужин нар сонгогдон ажиллаж байна.
2023.12.11. ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Үндэсний чуулганд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 800 гаруй төлөөлөл оролцсоноороо онцлог байв.
Хүүхэд нэгдүгээрт: Хүүхдэд ээлтэй хууль болоосой |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36