Танилц: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Хүүхэд хамгаалал бол бүх нийтийн хэрэг. Тиймээс  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөгийн цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн шинэчлэхийн тулд Засгийн газраас өнгөрсөн сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Үүнээс хойш хүүхэд хамгааллын асуудлаар нээлттэй хяналтын сонсгол, үндэсний чуулган зохион байгуулж, уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.

Мөн Засгийн газраас олон жил дуншсан ч шинэчилж чадалгүй өнөөг хүрсэн Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч өргөн мэдүүлж хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчноос эхлээд сурах хүмүүжих, амьдрах бүхий л орчныг бүрдүүлэхэд эдгээр хоёр хууль нь эрх зүйн талаас хамгийн том дэмжлэг болох юм. Энэхүү хоёр хуулийг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, хүүхдэд ээлтэй болгоход дэмжлэг үзүүлэх “хос хууль” гэж нэрлэж болно.
Тэгвэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар онцлог заалтууд тусгасан, хүүхэд, гэр бүлийн амьдралд ямар онцгой үүрэг гүйцэтгэх талаар энэ удаад онцолж байна.

Хуулийг өөрчлөх үндэслэл, шалтгаан

Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг.

Монгол Улсын хүн ам 3.4 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өссөн. Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна.  Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн.

Хагас өнчин хүүхэд 36,3 мянга, бүтэн өнчин хүүхэд 2911, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111776 дуудлагаас зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9224 байна.  

Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад 20 гаруй удаагийн хэлэлцүүлэг хийж, Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхдийн дунд хэлэлцүүлэг хийж, санал авчээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг Х.Булгантуяа сайд чуулганд танилцуулахдаа дурдсан юм.

Хүүхэд хамгаалалд зарцуулж буй хөрөнгө

Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 8 дахин нэмэгдсэн.

Хэдийгээр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэл өндөр байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд, тасралтгүй, тогтвортой хүргэж чадахгүй, хамгааллын үйлчилгээний үе шат, менежментийг бүтэн зургаар нь тодорхойлж, төлөвлөж, хүргэж, үнэлж, хянаж, санхүүжүүлж чадахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний дотор Хамтарсан багийн үйлчилгээнд зардал хуваарилагдахгүй байсаар байна. Мөн нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах шат шатны төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгоогүй зэрэг олон дутагдал байгааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр тогтоожээ. 

Хуулийн төсөлд тусгасан онцлог зохицуулалтууд

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж, Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний хэлбэр, санхүүжилт, хяналт, олон нийтийн оролцоог шинээр тодорхойлсон байна.

·      Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ. Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж, ажил үүргийг нарийвчлан заасан.

·      Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг нэмжээ. 

·      Барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл ажиллах эрх зүйн зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан байна.

·      Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг өргөжүүлэхээр тусгажээ. 

·      Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хориглох зүйл, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсаны үндсэн дээр халамж тэтгэмж олгох зэрэг тодорхой нөхцлүүдийг зааж, боловсрол, сургалтын байгууллага дотуур байр, сүм хийдийн дэргэдэх дотуур байран дахь хүүхэд хамгааллыг тодорхойлж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ, үйлчилгээний процессыг боловсронгуй болгох зохицуулалтуудыг оруулсан байна.

·      Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам баталж, шаардагдах санхүүжилтээ Засгийн газраас баталсан нормативын дагуу төсөвлөн, жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх зэрэг шинэ зохицуулалтуудыг оруулжээ.

·      Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хууль үйлчлэхээр, Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуультай нийцүүлэн хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлэхээр заажээ.

·      Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт, сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор зохион байгуулдаг байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрүүдийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.


Танилц: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
2023-12-15 11:05:35