Үндсэн цэс
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийг олон нийтэд танилцуулах анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.05.14) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагынтөлөөлөл оролцов.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өссөөр байна
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль анх 2002 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2002 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд нийт 2 бүртгэгдэж, шийдвэрлэгдэж байсан бол энэ тоо 2023 онд 238 болж өсжээ. (2014 онд 62, 2015 онд 79, 2016 онд 98, 2018 онд 128, 2019 онд 170, 2020 онд 181, 2021 онд 187, 2022 онд 230 болж жил ирэх тутам өссөөр байна)
Мөн 2006-2010 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос химийн аргаар боловсруулсан буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт синтетик бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулаагүй хэдий ч санаатайгаар урвуулан ашиглаж мансуурах боломжтой эмийн хэрэглээ жил бүр өссөн байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ манай улсад өсөн нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэнд болон улс орны үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёлын үндэс, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулж, үр дагавар нь тооцоолохын аргагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүйг ч анхаарах шаардлагатай байна.
Одоо мөрдөж байгаа хуулийн зохицуулалт цаг үеэсээ хоцорсны дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбогдсон бүх үйлдэл, эс үйлдэхүйг хамарч хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа нь улам бүр тодорхой болж байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2010 онд гаргасан тайланд Монгол Улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч улс” гэж дүгнэж байсан бол 2014 оны тайланд “хэрэглэгч улс” болсон тухай дурджээ.
Иймд хууль зүйн үндэслэл, дээр дурдсан практик шаардлагыг харгалзан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуулийн төслийг боловсруулсан.
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ялын бодлогыг чангаруулна
Нийт 12 бүлэгтэй хуулийн төсөл батлагдсанаар:
1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, түүний зорилт, хэрэгжүүлэх үндсэн зарчим тодорхой болно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдалхангагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүх үйл ажиллагааг төрийн хяналтад авч, уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх журмыг хуульд тодорхой тусган, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хийдлийг арилган, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг тодорхой болгоно.
3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг тодорхой болгож, энэхүү үйл ажиллагаанд эрэлч нохой болон орчин үеийн шаардлагад нийцсэн, өдөр тутам ашиглахад хялбар, найдвартай, өртөг зардал багатай тоног төхөөрөмжийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан этгээд суллагдсаны дараа тодорхой хугацаанд хяналт тогтоох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг бий болгоно.
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, мансуурах донтой хүнд стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгэм хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, эмчлэх, хяналтад авах, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах зохицуулалт бий болно.
6.Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мансуурах донг эмчлэх шинэ арга, ажиллагааны талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэмэгдэнэ.
7.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
8.Мансууруулах эм худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалтад хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана;
9.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангаруулна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг танилцууллаа |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36