Үндсэн цэс
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурдсанаар инфляци өсч өндөр түвшинд хүрсэн, гадаад худалдааны тасалдал үргэлжилсээр байгаа, гадаад санхүүжилтийн нөхцөлүүд урьд өмнөхөөс илүү чангарах хүлээлттэй болсон, мөн геополитикийн нарийн төвөгтэй асуудал шинээр бий болж эрсдэл нэмэгдсэн зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд үлэмж хязгаарлах ажээ. Харин 2023 онд коронавируст цар тахал (КОВИД-19)-ын сөрөг нөлөөлөл буурах, гадаад худалдааны тасалдал арилах боломжтой зэрэг эерэг хүлээлтэд тулгуурлан эдийн засгийн өсөлт нэмэгдэх төсөөлөлтэй байна.
АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв 2022 (АХТ) эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2021 оны 1.4%-ийн нам түвшний өсөлтөөс 2022 онд 2.3%-иар, харин 2023 онд дотоодын эрэлт, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь сэргэлтийн эерэг нөлөөгөөр 5.6%-иар өсөх төлөвтэй байна. “Эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляци ихээр өссөн байгаа сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрийн нэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэлтэй асуудал бөгөөд нөгөө нь Украин дахь Оросын Холбооны Улс (ОХУ)-ын халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд, “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” хэмээн тэмдэглэлээ.
Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөвт учрах эрсдэл огцом нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляци болон бизнесийн үйл ажиллагаанд улам бүр дарамт үүсэж байна. Үргэлжлүүлэн ноён Павит Рамачандран “Монгол Улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлогыг боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах, үүний зэрэгцээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэл даах дархлааг сайжруулах бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна” хэмээн нэмж тодотгов. Монгол Улсын 2022-2023 оны эдийн засгийн төлөв нь БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд хэзээ нээгдэх, КОВИД-19 цар тахлын халдвар дахин дэгдэх эсэх, түүнчлэн Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт үүсч байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх чиглэлд бодлогын ямар хариу арга хэмжээ авах, тэр нь ямар үр дүнд хүргэх зэргээс шууд хамаарах болно. Инфляци өндөр түвшинд хадгалагдахын сацуу гадаад худалдаанд үүссэн тасалдал үргэлжилсээр байгаа нь төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Иймд, эдийн засгийг эрсдэлээс хамгаалахын тулд макро эдийн засгийн бодлогын тохиргооны нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлага бий болж байна.
Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляци 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляци 12.4% болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцид сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляци 9.3% болж тогтворжих төлөвтэй юм. Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа нээгдэхгүй удах, Монгол Улсаас ОХУ болон Европын орнуудтай хийх гадаад худалдаа тасалдаж огцом буурах болон Украины нөхцөл байдлын улмаас төлбөрийн тэнцэл, улсын төсөвт бий болж буй сөрөг нөлөө улам гүнзгийрэх зэрэг эрсдэл байсаар байна. Түүнчлэн, дотоодын санхүүгийн байгууллагуудын активын чанар үргэлжлэн муудаж чанаргүй зээл өсөх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хүндэрч эрсдэл хуримтлагдах нь дунд хугацааны эдийн засгийн төлөв болон санхүүгийн тогтвортой байдалд үлэмж эрсдэл учруулж болзошгүй юм. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
АХБ: Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.3 хувь буюу нам түвшинд хэвээр байна |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36