“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia чуулга уулзалт “Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжөөд байсан юм. Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч нар, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд иржээ.

Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт.

“Coal Mongolia-2022” чуулганы эхний салбар хуралдаан нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр эхэлсэн.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийн гол агуулга нь дүрмээ шинэчлээд удаагүй байгаа “Эрдэнэс Монгол” ХХК нь 100 хувь төрийн эзэмшлийн уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэн “Зэс металлийн групп”,”Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваагдан Холдинг компани болж ажиллах бөгөөд нүүрс эрчим хүчний салбарт хэрхэн ажиллах, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар байв. Нүүрсний салбарт “Эрдэнэс Монгол” ХХК хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, Таван толгой-Зүүн баян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаас гадна нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч байгаа тухай илтгэлдээ онцоллоо.

Монгол улсын экспортын 40 хувийг нүүрсний экспорт дангаараа эзлэж байна. Таван толгой-Зүүн баян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын хэмжээ 45 сая тн-оор нэмэгдэх боломжтой бол нэг тн нүүрсний тээврийн өртөг даруй 5-6 дахин буурах боломжтой юм. Мөн тус төмөр зам ашиглалтад орсноор 2500 орчим ажлын байр бий болно.Х арин Нүүр баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсанаар 500-900 хүний ажлын байр бий болж жилд дунджаар 185.8 сая долларыг улс орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлэх боломжтой болох юм.

Уртын болон богинын тээвэрт дотоодын тээврийн компаниудыг түлхүү оролцуулж нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүүлснээр валютын гадагш урсгалыг бууруулж төгрөгийн ханшийг сайжруулах ач холбогдолтой ажээ. Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг нэгтгэсэн энэ намрын хамгийн том арга хэмжээ өнөөдөр, маргааш үргэлжлэх юм.


“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ
2022-09-07 18:25:35