Үндсэн цэс
Чанаргүй зээл, зээлийн эрсдэлтэй холбоотой асуудлаар Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс зарим зүйлийг тодрууллаа.
-Эрсдэл гэдгийг та юу гэж тайлбарлах вэ. Ингэж асууж байгаа шалтгаан нь танай банкны Эрсдэлийн удирдлагын газар ямар чиг үүрэгтэй ажилладаг болохыг лавлах зорилготой юм?
-Эрсдэлийг хор хохиролтой, холбоо хамааралтай, тодорхой бус байдал гэж ойлгож болно. Нөгөө талаар эрсдэл өгөөж ч байж болно, боломж ч байж болно. Гэхдээ аливаа зүйл хөдөлгөөнд орж урагшилж л байгаа бол эрсдэлээс дайжих боломжгүй гэдгийг бас ойлгож байгаа байх. Манай банкны Эрсдэлийн удирдлагын газар нь үйл ажиллагаа, комплаенс, санхүүгийн эрсдэл төдийгүй зээлийн эргэн тойронд үүсэн бий болж магадгүй бүх эрсдэлийг чиглэл, чиглэлээр харж, тодорхойлох, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Гэвч өнгөрсөн хугацаанд энэ чиг үүргийг хагас дутуу хэрэгжүүлж ирсэн байдаг юм. Гаргасан зээлүүдэд дүгнэлт хийгээд үзэхэд тодорхой хяналтууд алдагдсан байгаа. Тухайлбал, төсөл хөтөлбөрүүд тогтсон цаг хугацаандаа хэрэгжээгүй ба явцын хяналтыг орхигдуулж ирсэн. Эрсдэлийн багт ажилласан, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүсийн энэ салбарт ажилласан дундаж цаг хугацаа нь маш богино. Банк өөрөө бодлого журмаа хэрэгжүүлээгүй. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их, засаглал, хяналт хариуцлага сул байсан зэргээс шалтгаалж чанаргүй зээл их гарсан. Нэг үгээр Хөгжлийн банк ой санамжаа алдсан байсан. Ийм олон төрлийн эрсдэл үүссэн учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм.
-Эрсдэлийн удирдлагын газар бол банкнаас зээл авах гэж байгаа газруудын хамгийн том шалгалтын цэг. Материалуудыг эргүүлэн хянаж байхад энэ олон чанаргүй зээлийг ямар үндэслэлээр өгөөд байсан юм бол?
-Манайх зээлийн материалыг хянах үүрэгтэй газар. Журмын дагуу бол боловсон хүчин, санхүүгийн чадавх, бизнесийн туршлага, зээлдэгчийн мөнгөн урсгал, зээл барьцааны харьцаа, тусгай зөвшөөрөл зэргээс эхлээд нарийвчилсан олон талт шалгуур үзүүлэлтийг нягт шалгаж, хянах ёстой юм. Бидний гаргасан дүгнэлтэд үндэслэн зээл олгох, эс олгохыг шийдвэрлэнэ. Нэг ёсондоо хамгийн том үүрэгтэй нь Эрсдэлийн удирдлагын газар. Нөгөө талаар бид зээлдэгчдийн дутуу материалыг шахаж шаардахаас эхлээд олон талын оролцоотой газар юм.
Зээлийн эргэн төлөлт буурсан нь банкнаас тавьдаг шаардлагыг хангаагүйгээс болсон. Нөгөө талдаа сүүлийн хоёр жил дэгдсэн коронавируст цар тахлын нөлөө бизнес эрхлэгчдэд нэрмээс боллоо. Хэрвээ банк тухай бүрд арга хэмжээ авч ирсэн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй ч байж болох байсан. Энэ хоёр шалтгаан хавсрахаар хүнд байдалд орж байгаа юм. Үүнийг даван туулахын тулд банк одоо бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байна. Үүнээс гадна нийт 19 зээлдэгчтэй холбогдуулан 83 хүнийг яллагдагчаар татсан. Монголын түүхэнд байгаагүй том хэрэг шүүхэд шилжих төлөвтэй байгаа. Ийм олон хүнийг хамарсан, том үнийн дүнтэй хэрэг өмнө нь яригдаж байгаагүй. Уг хэрэг дээр хууль, шүүхийнхэн маш сайн ажиллаж байна.
-Найдваргүй зээлдэгчдийн тоонд багтсан компаниудын асуудлыг улс төрийн албан тушаалтнууд хаацайлж, янз бүрийн дарамт үзүүлж байна гэдэг хардлага эртнээс бий болсон. Үнэхээр тийм албан тушаалтан байна уу?
-“Энэ хүнд зээл олго” гэсэн ямар нэгэн бичиг, цаас нотлох баримт байхгүй. Асуудлыг хуулийн байгууллага шалгаад шүүх эцэслэн шийднэ. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаагүй байхад хэн нэгний нэр төрд халдах нь бүдүүлэг хэрэг болно.
-Хөгжлийн банкны зээл яагаад нууцын зэрэглэлд байгаад байсан юм бол. Үүнийг нээлттэй болгож, олон нийтийн эргэлзээг тайлах талаар банкны зүгээс ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд банк эрсдэлийг бууруулах зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлээд явж байна. Банкны зээлийн гэрээ гэдэг бол хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх үнэт цаас юм. Намайг ирэхэд бичиг баримтууд хаана, хэнд яваа нь мэдэгдэхгүй, салан задгай байсан. Үүнийг шийдэхийн тулд бүгдийг нь цахимжуулсан. Цаашид аливаа компани зээл авахдаа бүх материалаа цахимаар ирүүлдэг болно гэсэн үг.
Банк цахимжаад эхэлж байгаа учраас компани, аж ахуйн нэгжийн нууцтай холбоотой асуудлаас бусдыг бид нийтэд ил тавина гэж төлөвлөж байгаа. Нэг ёсондоо тухайн байгууллагын нууцлалтай хэсгийг хамгаална, үлдсэн баримтуудыг нээлттэй болгох юм. Ингэснээр тухайн зээлийн зарцуулалт, зах зээлийн хэр өргөн хүрээтэй, ямархуу үр өгөөжтэй төсөл вэ гэдэг мэдээллийг нээлттэй үздэг хэмжээнд очно.
Мөн Хөгжлийн банкнаас гарч байгаа шийдвэрүүд нээлттэй болно. Зээлийн хугацаа, хүү, олгох зээлийн мөнгөн дүн, хэрэгжүүлэх төсөл, ажил зэргийг бүгдийг олон нийтэд ил болгосноор зээлийн асуудалд төр, иргэн болон нийгмийн хараа хяналт чангарна. Боловсон хүчний асуудлыг ч нээлттэй сонгон шалгаруулах зарчмаар шийддэг болж байна. Нөгөө талаар хэн нэгэн дарга Хөгжлийн банканд нөлөөлж зээл гаргадаг боломжууд ч хязгаарлагдах давуу талтай. Энэ бол банкны зүгээс өөрт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ болж өгөх юм.
-Чанаргүй зээлүүдийн талаар олон нийтэд зарласнаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд банкны үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүд гарав?
-Чанаргүй зээлийн асуудал олон нийтийн анхааралд орсноос хойш зээлийн эргэн төлөлтийг хангуулах ажлыг хууль хүчний байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн дэмжлэг, хамт олныхоо хүчээр хийж явна. Банкны үйл ажиллагаанд эерэг үр дүн гарахын хэрээр үйл ажиллагаагаа дэс дараатайгаар сайжруулахаар зорьж байна. Өнгөрсөн хугацаанд бүтцийн өөрчлөлт их хийж, боловсон хүчний залгамж халаа алдагдаж ирсэн нь томоохон эрсдэл үүсээд байсан.
Тухайлбал, боловсон хүчний халаа солиог олон дахин хийж, газар нэгжүүдэд зээлийн баримт бичгүүд эзэнгүйдэх, хаягдаж үрэгдэх эрсдэл үүссэн байсан учраас зээлийн хувийн хэргийг бүрэн цахимжуулсан. Банкны хувьд хүний нөөцийн эрсдэл үүсээд байсан тул мэргэжилтнүүдийг дотоод хэлтэс, нэгжүүдэд тогтвортой байршуулах, дутуу орон тоог дотоод хүний нөөцөөрөө нөхөж бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд хүний нөөцийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, ур чадвартай мэргэжилтэн шинээр ажилд авах бодлого барин ажиллаж эхэлсэн.
Банкны үйл ажиллагааны тогтолцоог зөв голдиролд нь оруулж, тогтвортой үйл ажиллагаатай болгохыг зорьж байна. Үүнээс гадна банкны үйл ажиллагааны эрсдэлийг бууруулахын тулд бодлого, журамдаа өөрчлөлт оруулах ажлуудыг хийж байгаа.
З.Батырбек: Хэн нэгэн дарга нөлөөлж зээл гаргадаг боломж хязгаарлагдсан |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36