Барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв. Уг асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцууллаа.

2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /хуучнаар/-ийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй байна. Харин 2021 онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь эс зөвшөөрсөн. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын 1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрлийг олгосон. Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг  арилгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ХОГ ХАЯГДЛЫГ ХӨРСӨӨР ДАРЖ БУЛАХ ЗАРДАЛД 16 ЖИЛ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг устгах зардлын үнэ тарифыг нэмэгдүүлэх тооцооллын тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.

Улаанбаатар хот 410 мянга гаруй өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч мөн өсөж буй. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн хогийн зургаан цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа юм.

Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хогийн цэгүүдийг харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хариуцан ажилладаг. Нийслэлд өдөрт дунджаар 4000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нэг тонн хог хаягдлыг хөрсөөр дарж булах ажлын зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэд одоог хүртэл өөрчлөлт ороогүй бөгөөд үүнээс үүдэн төвлөрсөн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Тухайлбал, хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж нэмэгдсэн байна. Мөн шатахууны үнэ 3.48 дахин өсөж, нэг цагт зарцуулах шатахууны зардал 2.02 дахин өсжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2006 онд 53 мянган төгрөг байсан бол өдгөө 420 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээ тогтворгүй, ачааллаа даахгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэж байгаа юм. Иймээс төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээг сайжруулахын тулд дарж булах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хотын дарга төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг устгах зардлын тооцооллыг НИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг даалгав.

 


Барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ
2022-11-04 10:41:28