Үндсэн цэс
Эрдэс баялгийн салбар цахим шилжилт хийж байна. Супер цикл ойртон ирж буй энэ цаг үед олборлолтоос боловсруулалт руу дэвшиж байгаа Монголын уул уурхайн салбарт хүч нэмсэн нэгэн томоохон алхам бол яах аргагүй цахимжилт юм. Монгол Улс “Цахим үндэстэн” болохоор тэмүүлж буй. Тийм ч учраас дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлж эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Mongolia” нэгдсэн порталыг байгуулсан. Энэхүү порталаар өнөөдөр төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Цахим бодлого үүгээр цааш үргэлжилнэ. “Цахим үндэстэн” болох алсын зорилго руугаа улам ахина гэсэн үг. Тэгэхдээ цахим шилжилтийг аль болох ухаалгаар хийж, төрийн үйлчилгээг цахимжуулахдаа хүнд суртлыг арилган илүү ил тод, нээлттэй төрийн үйлчилгээг ард иргэддээ санал болгох юм. Эрдэс баялгийн салбар бол Монголын эдийн засгийн чухал тулгуур багана. Тиймээс ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэн төрийн үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, хариуцлагатай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж цахим шилжилтийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэн ажиллаж байна. Салбарын яам зургадугаар сарын 18-нд “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг цахимаар амжилттай зохион байгууллаа. 500 гаруй төлөөлөл оролцсон тус цахим хурлыг УУХҮЯ анх удаа зохион байгуулахдаа шинэлэг хэлбэрийг сонгосон нь эхнээсээ л тодорхой харагдаж байв. Тус цахим хэлэлцүүлэг нь “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриаг дэвшүүлжээ. Уул уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагдах баялаг. Харин оюун санаа бол шавхагдашгүй. Цахим шилжилтийн давуу тал бол Монгол хүний оюун санаанаас урган гарсан баялгийг экспортлох боломжийг нээн өгч буйд оршино.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тус цахим хуралд илгээсэн мэндчилгээнд дурдагдсан “Цахим үндэстэн”- ийг хөгжүүлж бий болгоход төрийн ажил үйлчилгээг бүрэн цахимжуулахаас эхлэнэ гэсэн “мессеж” оролцогчдод илүүтэй хүрсэн болов уу. Монгол Улс цахим шилжилт, дижитал эдийн засгийг хөгжүүлнэ хэмээн төрийн хэмжээнд онцгойлон анхаарч буй бөгөөд УИХ түүхэндээ анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Байнгын хорооны дарга нь УИХын гишүүн Н.Учрал. Түүний хэлж буйгаар, Засгийн газар Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн яам байгуулахаар төлөвлөжээ. Цахим шилжилт монголчуудад хоёр давуу талыг олгож байгаа. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хүнд сурталгүй, нээлттэй болгож буй нь сайн. Тиймээс төрийн их өгөгдлийг ашиглаж анализ дүгнэлт хийх бололцоо үүгээр гарч ирж байгааг Н.Учрал гишүүн дуулгасан. Инновац, цахим бодлогын байнгын хороо Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэртээ ашиглах төслийг Засгийн газрын харьяа яам, агентлагуудад танилцуулахаар ажиллаж байна. Уул уурхайн салбарт маш их хэмжээний дата мэдээлэл, өгөгдөл хуримтлагдсан бөгөөд үүнийг судалж, төрийн ажил үйлчилгээндээ шуурхай ашиглаж байх учиртай. 2022 онд 100 жилийн ойтойгоо золгох уул уурхайн салбар арвин баялаг түүхтэй. Өнгөрсөн олон арван жилд уул уурхай хөгжихийн хэрээр том том хот суурингууд бий болжээ. Зах зээлийн шилжилтийн цаг үед ч эрдэс баялгийн салбар Монгол Улсын зүтгүүр байж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. 1990- ээд оноос Монгол Улс газрын баялаг, түүхий эдээ гадагшаа экспортлоход анхаарч байснаас биш боловсруулалтаа төдийлөн хөгжүүлж байсангүй. Тэгвэл одоо ч ирээдүйдээ ч бид эрдэс баялгийн салбараа боловсруулалтын чиглэл рүү түлхүү хөгжүүлэх түүхэн цаг үе дээрээ иржээ. Гэхдээ хэрхэн, яаж, ямар зорилтод хүрэх вэ гэдэг чухал. Үүнд хариулт өгсөн илтгэлийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон маш ойлгомжтойгоор оролцогчдод хүргэсэн. Эрдэс баялгийн цахим бодлогыг салбарын яамнаас хэрэгжүүлээд эхэлсэн байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ эхлээд төрийн байгууллагуудын цахим бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах нь чухлаар тавигдаж байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг хэрхэн цахимжуулж байгааг холбогдох албаны хүмүүс тодорхой жишээ нь дээр тайлбарлалаа. Тухайлбал, АМГТГ-ын дарга Б.Түвшинжаргал хайгуулын тусгай зөвшөөрөл олголттой холбоотой олон ажил цахимжиж, ил тод, нээлттэй болж байгааг онцолсон. Хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ мэдээллийн цахим сантай танилцах боломж иргэдэд бий болж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа ил тод биш, тодорхойгүй гэсэн шүүмжлэл их гардаг. Тэгвэл тус зөвлөлийн ажлын явцыг цахим системээр хянах бололцоо бүрдэж байна. Үндэсний геологийн албаны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, хийгдэж байгаа ажлуудыг мөн дэлхийн хаанаас ч олж үзэж, мэдээлэл авах боломжтойг тус албаны дэд дарга Б.Уянга танилцууллаа. Цахим хэлэлцүүлгийн нэг сонирхолтой хэсэг нь уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагын талаарх УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалын илтгэл байлаа.
Монгол Улс дараагийн 30 жилд илүү нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг уул уурхайн салбарт бий болгож, аж үйлдвэржсэн эдийн засгийг хөгжүүлэхийг тэрээр онцлоод ирээдүйн уул уурхай ямар байх ёстой талаар тодорхой жишээн дээр өгүүлсэн. Энэ удаагийн цахим хэлэлцүүлэгт ”Цахим үзэсгэлэн”-ийг орон зайн виртуал хэлбэрт оруулсан бөгөөд хурлын ивээн тэтгэгч, түнш “Майкро Майн Монголиа”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “АББ Монголиа” ХХК, “Кью Эм Си” ХХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг газрууд оролцлоо. Сар тутмын хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сонин хэвлэл, мэдээллийн түншээр мөн оролцож, мэдээллээ түгээв. Цахим хэлэлцүүлгийг “Оюутолгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Э.Лхагва, “Кью Эм Си” ХХК-ийн захирал М.Дагва нар удирдан чиглүүлсэн юм.
УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН: ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ ШИЛЖИХЭД ЦАХИМ ЗАСАГЛАЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хайгуул, олборлолтоос гадна боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн гурван чиглэлийг оруулж ирж байна. Шинэ зүйл биш уул уурхай өндөр хөгжсөн орнууд ийм жишгээр амжилтад хүрсэн. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа энэ цаг үед бид боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү байгуулах шаардлагатай. Боловсруулах чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” компани Нүүрс баяжуулах үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Зэсийн баяжмал, боловсруулах үйлдвэр, Дорноговь аймагт “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулж байна. Мөн Гангийн үйлдвэр бий болно. Байгалийн баялгаа эрж хайгаад оллоо, олсноо олборлож ашиглалаа, одоо гүн боловсруулж ажлын байр бий болгож гадаад зах зээлд борлуулалт хийхийн тулд Эрдэс баялгийн биржээ байгуулах ёстой. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн үзэл баримтлал батлагдсан. Баялгийг иргэн бүрд тэгш хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангаа байгуулна. Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалтын үйл ажиллагааг явуулахад эрдэс баялгийн цахим шилжилт гол үүрэгтэй. Хоёр чухал зүйлийг хийх шаардлагатай байна. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бүх мэдээлэл нэгдсэн нэг платформтой байх. Төрийн байгууллагуудын шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, төрийн түргэн шуурхай үйлчилгээ, хоёрдугаарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг мэдээллийн нэг урсгалаар татах хэрэгтэй. Эрдэс баялгийн цахим засаглалын хөтөлбөрийг боловсруулж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн бодлого, төлөвлөлтөд нэгдэх нь бидний зорилт. Цаашлаад ”Цахим үндэстэн” нэгдсэн порталд нэгдэх учиртай. Эрдэс баялгийн цахим засаглалыг хяналт, ил тод, нээлттэй байдал”, “технологийн дэвшил, инновац” хэмээх гурван түвшинд хүргэхээр ажиллаж байна.
УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ: ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ УЛАМ ИХ БОЛЖ БАЙНА
Дэлхийн эдийн засагт 2050 он хүртэл гарах томоохон өөрчлөлтүүдэд эрдэс баялгийн ирээдүйн хэрхэн харагдаж байна вэ. Өөрөөр хэлбэл, дараагийн 30 жилд эрдэс баялгийн ирээдүй ямар байх вэ гэдгийг бид одооноос ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар глобалчлал явагдаж байгаатай холбоотойгоор ирээдүйн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Томоохон хотууд ч бий болж байна. Үндсэндээ хотжилт маш хурдтай явагдаж байгаа. Дэлхий 7,6 тэрбум хүн амтай. 2030 он гэхэд энэ тоо 9,7 тэрбум болж өснө. Хот газар амьдарч байгаа хүмүүсийн 56% нь 2050 он гэхэд 68% болж өсөх нь. Сонирхолтой нь хот газар амьдарч байгаа нийт хүмүүсийн 66% нь Азид бий. Хятад, Энэтхэгт бүр жин дарж байна. Хотжилт явагдаж, томоохон бүтээн байгуулалтууд өрнөх тусам зэс, коксжих нүүрс, төмөр, газрын ховор элемент, хайлуур жоншны эрэлт хэрэгцээ илүү өснө. Мөн геополитикийн өөрчлөлтийн улмаас эрдэс баялгийн эрэлт нийлүүлэлт хэлбэлзэж байна. “Их долоо” 2050 онд шинэ 7-гоор солигдож болзошгүй. Энэтхэг, Хятад зэрэг улсын томоохон эдийн засаг гарч ирнэ. Геополитикийн өөрчлөлтийг дагаад Монгол улс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалдаа тулгуурлан геополитикийн тоглолт хийх, том эдийн засагтай холбоотой орон зайг нээж өгнө. Дараагийн 30 жилд эрчим хүч ямар эх үүсвэрээс бүрдэх вэ? Ирээдүйд эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулахад чиглэнэ. Цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг рүү аваачина. Хүлэмжийн хийн ялгаруулалтын 73%-ийг эрчим хүч эзэлж байна. Үүнд аж үйлдвэр, тээвэр, барилга, байгууламжуудын хэрэглэж байгаа эрчим хүч багтана. Ирээдүйд нар салхины эх үүсвэр, цахилгаан батарей, цахилгаан автомашин ашиглана гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний эрин үед ямар эрдэс баялгийг ашиглах вэ? 7.6 тэрбум хүн 1.4 тэрбум автомашин хэрэглэж байна. Hyundai venuе суудлын автомашиныг бүтээхэд 22 кг зэс шаардагддаг бол Тоёота приус машинд 40 кг зэс ордог. Автомашинууд цахилгаанжиж байна. Теслагийн нэг ширхэг машинд орох зэсийн хэрэглээ өнөөдөр бензинээр ажилладаг машинаас 4 дахин их зэс хэрэглэнэ гэсэн үг. Зэсийн хэрэглээ улам их болж байна. Тийм ч учраас зэсийн үнэ түүхэнд байгаагүйгээр өсч байна.
Эрдэс баялгийн салбарын мэдээллийг нэгтгэсэн платформ бий болно |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36