Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг УУХҮ-ийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан ажилласан байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг Ажлын хэсгийнхэн онцолж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд дараах хүндрэлүүд тусч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл, нээлттэй, ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаа юм. Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр хураамж ногдож байна.

Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн буруулж байгаа юм. Ажлын хэсгийнхэн бусад орны эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлахдаа БНХАУ-ын Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн сайн туршлага, бараа, бүтээгдэхүүний биржийн чадавхтай холбоотой учирч болох бэрхшээл, түүнээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт, хариуцлагын асуудлыг тодруулах, биржид дэвшилтэд механизм нэвтрүүлэх аргачлал зэргийг харьцуулж, цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх биржийн үйл ажиллагааг судалжээ. Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь уул уурхайн бүтээгдэхүүнийг АНУ-ын Чикагогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараа нь фьючерсийн худалдааг хийхээр зорьж буй.

Фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдэлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Тус бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн

өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг дараах байдлаар тусгах аж. Үүнд:

Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар:

1.Хуулийн зорилт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн нийтлэг үндэслэл:

2.Биржийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бирж байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны дүрэм, журам;

3.Биржийн үйл ажиллагааны чиглэл, төрөл, биржийн арилжааны нөхцөл, журам, түүний зохион байгуулалт:

4.Биржийн үйл ажиллагаанд оролцох төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхойлно:

5.Биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг тодорхойлно:

6.Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт;

7.Биржийн үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох гэж тусгажээ.

Г.Идэр

Эх сурвалж: https://www.mongolianminingjournal.com


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл боловсруулжээ
2021-08-26 10:06:44