МҮЭХ: Цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай буюу 20-иос доошгүй хувиар нэмэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгахыг шаардлаа

УИХ-ын намрын чуулган маргааш эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд улсын төсөвт тусгах асуудлууд, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь, Ковид-19-ийн үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, МЭМАҮЭХ-ны дарга Х.Ариунаа, МТХГТАҮЭХ-ны дарга Б.Рагчаа, БШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл нар оролцов.
2021-2022 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд 2022 оны улсын төсөвт
Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгах, Салбарын хамтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн авч үзэх, тогтоолын хүрээнд гарч буй сөрөг үр дагаварыг арилгах, Иргэдэд төрийн бүх чиглэлийн үйлчилээг үзүүлж буй төрийн албан хаагчдын тоо, чанарыг хүртээмжтэй байлгах зохистой түвшинд хадгалахын тулд орон тоог бууруулахгүй байх, Бензин шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч иргэдийн худалдан авах чадвар эрс буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоох зэрэг асуудлыг авч үзэн шийдвэрлэхийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.
Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илэрхийллээ.
 
Нийгмийн даатгалын хараат бус бие даасан байдлыг хангах, Нийгмийн даатгалын удирдлага, засаглалын тогтолцоог тодорхой болгох, Олон давхаргат тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг бий болгох, Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид өвүүлэх, Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал-Улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцлийг бүрдүүлэх, Нийгмийн даатаглын сангийн зарцуулалт, хяналтыг тогтолцоог сайжруулах, Шимтгэл төлөгчийн ямар орлогоос шимтгэл авах, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой заах зэрэг саналыг оруулж байгаа гэв.
 Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг санал болгож байна" хэмээн хэллээ.

МҮЭХ: Цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай буюу 20-иос доошгүй хувиар нэмэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгахыг шаардлаа
2021-09-30 14:18:22