“Цалинтай ээж”-ийн нэг өдөр

Намрын дунд сар алсрах гэж буй эдгээр өдрүүдэд айл өрх бүр өвлийн бэлтгэлээ базаагаад тун завгүй. Дулаан алдахаас сэргийлэн олон төрлийн материалаас сонгон дулаалгаа хийж, зарим нь өвлийг өнтэй давах түлээ түлшээ бэлтгээд өндөрлөх тийшээ ханджээ. Улаанбаатар хот олон талын онцлогтой. Нийслэлийн төв хэсгээр XXI зууныг илтгэх өндөр барилгууд сүндэрлэн харагдах бол хотын хойд тал буюу салхины дээр гэр хорооллынхон дүнхийнэ. Өнгөрсөн, одоо цагийг илтгэх энэ дүр зураг гаднын хүний нүдэнд содон тусдаг биз ээ. Түүнээс гадна их хотод өглөөний нартай уралдан ажил, амьдралаа зохицуулдаг иргэн цөөнгүй бий. Тэдгээрийн нэгийг сурвалжилгын эзэн болгож уншигчидтай уулзуулахаар бэлтгэлээ.

06:00...Улсын нийслэл Улаанбаатар хотод өглөөний нар мандлаа. Орон сууцанд амьдардаг иргэдийн өглөөний ажил цай унд бэлтгэхээс эхэлдэг бол гэр хорооллынхон үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ ая тухыг бодолцож хамгийн түрүүнд өндийсөн хүн гал түлдэг. Түүний дараа хоол ундаа бэлтгэж хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх өдөр тутмын даалгавраа биелүүлнэ. Миний танилцуулах айлын өглөө ч ийм байдлаар эхэлдэг ажээ. Энэ удаа гэрийн эзнийг танилцуулахыг хойш тавьж эзэгтэйг онцоллоо. Учир нь, гэрийн эзэн ажлаа хийхээр орон нутгийг зорьжээ. 14 хоног ажиллаад мөн төчнөөн хоног амардаг түүний хийдэг зүйлийг ажилтай үед нь гэрийн эзэгтэй амжуулах том үүрэг хүлээдэг гэнэ.

Энэ айлын эзэгтэйг  Ө.Тунгалаг гэдэг. Дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын гэрийн эзэгтэй болоод удаагүй байна. Тодруулбал, тэрбээр хамгийн бага охиноо өнгөрсөн зургаадугаар сард төрүүлжээ. Том хүү Б.Туваан энэ жил ахлах ангийн сурагч болсон байна. Удаах охин нь  ахаасаа зургаан насны зөрүүтэй бөгөөд аавыгаа ажилтай үед ээждээ гэрийн ажилд нь тус нэмэр болдог аж. Ө.Тунгалагийн гурав дахь хүүхэд нь хоёр настай,  зундаа хөдөө амьдардаг өвөө, эмээгийндээ өнждөг болоод ч тэр үү хэр баргийн зүйлээс эмээхгүй, нүүрэмгий болж өсчээ. Харин хамгийн бага “дайсны цэрэг”-ийн хувьд ээжийнхээ амин эрдэнэ. Бидний нэрлэдгээр одонгийн хүүхэд.  Ах эгчийнхээ хайранд өлгийдүүлэн торниж буй охиндоо аав нь Б.Сумъяа гэдэг нэр өгчээ. Ийм өнөр өтгөн айлын нэг өглөө хөл хөдөлгөөнтэйгөөр эхэлж байна. Ө.Тунгалагийн том хүүхдүүд нь биеэ даасан учир өглөө түвэг удахгүй. Харин удаах охиныг цэцэрлэгт нь хүргэх гэж аргаа бардаг аж. “Хичээлийн шинэ жилийн эхэнд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэж байсан. Тухайн үед хоёр багыгаа хараад гэртээ байлаа. Харин  саяхнаас  хоёр настнуудыг цэцэрлэгт авахаар болсон учраас одоо хүүхдээ хүргэж өгөх том ажилтай болсон” хэмээн Ө.Тунгалаг ярилаа.

06:40...Эхний автобус энэ үед явна. Үүнд суухын тулд Ө.Тунгалаг өглөө эртлэн босох хэрэгтэй. Хэрвээ эхний автобуснаас хоцорвол хүүхдээ цэцэрлэгээс хоцроочихно хэмээн тэрбээр ихэд санаа зовдог. Охиноо цэцэрлэгт хүргэж өгөхдөө хамгийн бага хүүхдээ хамт авч явах шаардлагатай. Харах хүнгүй учир тэдний ажлын өдрүүд ийм байдлаар үргэлжилдэг байна. Цэцэрлэгээр орохын далимд тэр хэд хэдэн ажлыг амжуулна. Хамгийн түрүүнд том хүүхдүүдийнхээ багш нартай уулзана. Үүний дараа шаардлагатай тохиолдол гарвал өрхийн эмнэлгээр ороод гардаг байна. Харин энэ өдрийн хувьд түүнд охиноо цэцэрлэгт хүргэж өгөхөөс өөр ажил байсангүй. Тиймээс гэртээ харьж хүүхдүүдээ өдөр хичээлээ тараад ирэхэд нь  идэх хоол ундыг нь бэлтгэхээр явав.

10:00...Бидний сурвалжилга гэрийн эзэгтэйн “Цалинтай ээж”-ийн мөнгөтэй золгодог өдөр таарчээ. Ө.Тунгалаг  өмнөх сараас хадгалсан хүүхдийн мөнгөө, “Цалинтай ээж”-ийн тэтгэмжтэйгээ нийлүүлэн хүүхдүүддээ нэн шаардлагатай байгаа хэрэглээнийх нь зүйлийг авахаар явна. Хамгийн түрүүнд бага хүүхдэдээ дулаахан, хослол авч өгөхөөр төлөвлөжээ. Тэгээд үлдсэн мөнгөөр нь дунд охиндоо өвлийн гутал авч өгөх юм байна. Ө.Тунгалаг хэлэхдээ “Хүүхдийн мөнгө, “Цалинтай ээж”-ийн тэтгэмж нөхрийг эзгүйд амьдралд маш их нэмэр болдог. Цар тахлын үед төр, засаг Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ харж үзэн тэдэнд өгдөг тэтгэмжийг 100 мянган төгрөг болгосон. Энэ үнэхээр нүдээ олсон хэрэг шүү. Хүүхдүүдээ идэж, өмсөхөөр дутаахгүй байхад нэмэр болж байна” хэмээн дурдаж байсан. Түүнчлэн Хүүхдийн мөнгийг 2021 оны зургаадугаар сарыг дуустал олгохоор болсонд баярлаж байгаагаа хэлж байв.

15:00...Хүүхэдтэйгээ гадуур нэлээд явлаа. Илүү дутуу зүйл авахгүйгээр төлөвлөснөө авч байсан нь шаардлагагүй зүйлд мөнгө зарахгүй байхыг хичээдэг нь харагдлаа. Бодож байсан зүйлсээ ч авлаа. Ө.Тунгалаг “Гэртээ хурдхан харихгүй бол хүүхдүүд хэцүүдэж  байгаа. Уг нь том нь галаа түлчихдэг. Гэхдээ л хүүхэд болохоор санаа зовоод байдаг юм” гэв. Тэдний гэрт очиход хоёр цаг орчим болов. Ороход том охин нь гэрээ цэмбийтэл цэвэрлэжээ. Ээжийнхээ авсан хувцас хунарыг  үзээд жигтэйхэн баярлаж байлаа. Харин ууган хүү нь чимээгүй зогсох аж. Учрыг нь олсон уу гэлтэй ээж нь төд удалгүй цүнхнээсээ 10000 төгрөг гаргаж өгөв. Ө.Тунгалаг “Хүүхэд том болох тусам их зүйл шаарддаг юм байна. Хүү минь Хүүхдийн мөнгөнөөсөө заримдаа өгч байхыг хүссэн. Ангийнх нь хүүхдийн төрсөн өдөр болохоор нийлж юм авч өгдөг гэсэн” хэмээн ярив.

17:00...Ө.Тунгалаг хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар гарлаа. Харин том охин гурил зуурах  даалгавар авч хоцров. Том хүүгийн хувьд түлээ түлшээ бэлтгэхээр үлдсэн юм. Ингэж энэ айлын нэг өдөр өнгөрлөө. Гэрийн эзэгтэй намайг оройн хоолондоо урьсан ч би сурвалжилгаа бичихээр ажил руугаа яаран одлоо.

Гурав хоногийн дараа Ө.Тунгалагийн нөхөр нь ажлаасаа ирнэ. Тэр үед өвлийн бэлтгэлээ бүрэн базаана хэмээн тэр хэлсэн. Түүн шиг амьдралаа авч яваа ээж олон бий. Ийм л ээжүүдэд тус нэмэр болох гэж төр, засгаас “Цалинтай ээж”, Хүүхдийн мөнгийг олгодог. Энэ нь ч нүдээ олжээ. Албаны эх сурвалжаас мэдээлэл авахад 2019 онд 204.5 мянган ээжүүд “Цалинтай ээж” тэтгэмжид хамрагдсан гэсэн. Энэхүү арга хэмжээ нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй нь энэхүү сурвалжилгаас мэдрэгдсэн гэдэгт итгэлтэй байна.

Б.Сэлэнгэ

 

 

 

 

 

 


“Цалинтай ээж”-ийн нэг өдөр
2020-10-14 12:21:00
Шинэ мэдээ
Санал асуулга