Б.ЖАМБАЛ: ӨНӨӨДӨР БИДНИЙ ТӨЛӨӨ ХООЛ, НОЙРГҮЙ ЗҮТГЭЖ БАЙГАА ЭМЧ, ЦАГДАА ГЭЭД ХҮН БҮР БУРХАНЛИГ ЮМ

 

 Б.ЖАМБАЛ: ӨНӨӨДӨР БИДНИЙ ТӨЛӨӨ ХООЛ, НОЙРГҮЙ ЗҮТГЭЖ БАЙГАА ЭМЧ, ЦАГДАА ГЭЭД ХҮН БҮР БУРХАНЛИГ ЮМ

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ өдрийг Монголчууд анх удаа нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байна. Дүйчин өдрийн ач холбогдол, Бурхан багшийн сургаалийн мөн чанарын талаар Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны дээд сургуулийн дэд захирал Б.Жамбалтай цөөн хором ярилцлаа.   

 

- Энэ өдрийг ингэж нийтээр тэмдэглэхийн ач холбогдол юу вэ?

- Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, төгс гэгээрэл, эрдмийн дээдийг олж хүмүүний манлай болсон, нирваан дүр үзүүлсэн. Өнөөдөр бид хэн нэгний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа юм биш.  Хүн дотроосоо өөрийгөө удирдан залах ухаан, оюун санаагаа эрдмээр чимж, төгс гэгээрэлд хүрэх номыг хүндэтгэж буй өдөр юм. Дүйчин өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэдэг. 1999 онд НҮБ-ын тогтоол гарч Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх анхны санал, санаачилга гарсан түүхтэй. Манайхан 20 орчим баяр тэмдэглэдэг юм билээ. Тэдгээрээс үндэсний өв, зан заншил, ёс суртахуундаа тохирсон баяр нь наадам, Цагаан сар л юм даа. Харин энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх болгоход төр засгийн түвшинд 2010 оны үеэс ярьж эхэлсэн. УИХ-ын чуулганы нэгэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан анх удаа Бурхны шашны тэмдэглэлт өдөртэй болъё гэж хэлж байсан. Монгол даяар 300 мянга гаруй сүсэгтний гарын үсэг, хүсэлтэд үндэслэн Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачилгаар хууль баталж, нийтээр тэмдэглэх болсон. Ёс зүйгээ сахиж, дээдлэх  нь л энэ өдрийн гол утга учир юм. Энэ өдөр буянд хичээх учиртай. Буянд хичээх гэдэг нь шашинтай, эсэхээс үл хамаарна. Эцэг эх, үр хүүхэдтэйгээ нэг өдрийг хүндэтгэл дүүрэн өнгөрөөж, аливаа бузар идээ идэхгүй, өс зангидахгүй өнгөрөөгөөсэй гэж бодож байна. Одоо УИХ-ын сонгууль болж байна. Уг нь хуучин цагт хүн муулсан хүнийг хүмүүний адаг гэдэг байсан. Бурхан багшийн сургаал ёсоор хүн муулж байгаа хүн өөрийгөө муулж буйгаас ялгаагүй. Тиймээс сонгуулийн үеэр хилэнцтэй үг гаргах, бусдыг муулах үйлийг тэвчиж, дор бүрдээ буян хийж, ядарсан, зүдэрсэн нэгэндээ туслаж, хувь хүний зүгээс гэр бүлдээ болон өөртөө хийж болох сайн үйлийг хийгээрэй. Монголчууд бидэнд үнэ цэнтэй зүйл олон. Гэртээ өөрийн гэсэн хоймортой учраас хүндэтгэл үүсдэг. Тэндээ идээ, ундааныхаа дээжийг өргөж, хувь хүн дотор, гаднагүй өөрийгөө цэвэрлэж, нийгэм, байгалтай харилцахдаа анхааралтай байх учиртай. Нийтээрээ л сайхан байх учиртай өдөр юм шүү.

- Бурхны сургаалын гол мөн чанар юу болохыг та цөөн үгээр хэлэхгүй юү?

- Ер нь хүний дотроос байнга гэрэл цацардаг юм. Үүнийг жилийн нэг өдөр дадал болгож, цаашдаа сар, өдөр тутам хэвшүүлмээр байгаа юм. Төрөхөөс үхэх хүртэл бүх зан үйл шашных биш монголчуудын өөрсдийнх нь соёл юм. Бидний уншаад буй энэ олон ном монголчуудын соёл. Тэртээ 1600-гаад онд буюу Цахарын Лигдэн хааны үед бидний өдгөө төвдөөр уншаад байгаа бурхны номыг монгол бичигт буулгачихсан. Энэ баяр наанаа шашинтнуудын өдөр юм шиг харагдавч Бурхан будда бол дэлхийн соён гэгээрүүлэгч. Буддизм бол шашин биш гэгээрэлд хүрэх  зам юм.  Хүний оюун санаа бол гэрлийн хурдаар сэтгэдэг хязгааргүй мөн чанартай. Таван мэдрэхүйгээр орж ирж буй энэ өгөгдөл нь бие, хэл хоёроор илэрдэг. Оюун санааг нь захирчихвал дэлхий даяараа амар тайван байх болно. Дотоод номхон дөлгөөн сэтгэлийн хүчээр хүн төрөлхтөн, ертөнцийг авч явна гэдэгт итгэн дор бүрнээ хичээгээрэй. Ялангуяа коронавирус дэгдсэн энэ үед хүн сэтгэлээ тогтоож чадвал элдэв муу юм халдахгүй шүү. Монгол хүн дотоод сэтгэлээс цацарсан сэтгэлийн хүчээр ёс суртахуунтай байж энэ цаг үеийг давна. Энэ өдөр та инээгээд гэртээ ор. Тэр чигээрээ танд талархах болно. Бүгдээрээ нэг өдрийг талархаж өнгөрөөе. Энэ л жаргал. Энэ бол энэ их хүмүүний үлдээсэн оюуны их соёл. Шинжлэх ухааны түвшинд сэтгэл судлалыг одоо л судалж эхэлж байна. Буддизм 2500 жилийн өмнө хүний сэтгэл рүү өнгийгөөд, мөн чанарыг нь ойлгочихсон байсан юм шүү. Бурханлиг хүмүүс гэж дан ганц шашин номынхныг хэлдэггүй юм. Өнөөдөр бидний төлөө хоол, нойргүй зүтгэж байгаа эмч, цагдаа гээд хүн бүр бурханлиг юм.

Ярилцсан Б.Номин

 


Б.ЖАМБАЛ: ӨНӨӨДӨР БИДНИЙ ТӨЛӨӨ ХООЛ, НОЙРГҮЙ ЗҮТГЭЖ БАЙГАА ЭМЧ, ЦАГДАА ГЭЭД ХҮН БҮР БУРХАНЛИГ ЮМ
2020-06-05 00:00:00
Шинэ мэдээ
Санал асуулга