Үндсэн цэс
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулж, зүйл бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжлээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгасан байлаа.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, О.Номинчимэг, Д.Рэгдэл, Б.Бейсен, С.Ганбаатар, Ж.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байгаа энэ цаг үед 2024 оны 12 дугаар сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг илүүтэй тодруулсан.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх гээд төсвийн тодотгол хийх үндэслэлийг тодорхой тусгасан гэв.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. Тухайлбал, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ 12 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.
Ингээд "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 нь дэмжсэн. Горимын санал дэмжигдсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасныг тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байгаагаа онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025 оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа |
2024-11-21 17:29:36
2024-11-21 17:26:07
2024-11-21 17:18:19
2024-11-21 17:15:27
2024-11-21 11:38:17
2024-11-21 11:36:32
2024-11-21 11:34:41
2024-11-21 11:32:50
2024-11-20 17:34:32
2024-11-20 17:33:13