554 хүнээс халдвар илэрсний 102 нь орон нутагт бүртгэгджээ

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээллийг хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. 554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн. 451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон. 102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо. Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хотод ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 8,140 боллоо. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,176, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна. Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа. Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Дэлхий дахинд зарим оронд 4 дэх давлагаа, зарим улсад 3 дахь давлагаа эхэлж байна. Нийт 132,046,206 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 6640 хүн нас барсан ба нийт нас баралтын тоо 2,867,242 болжээ. Нийт 107 сая эдгэрсэн байна. Монгол Улсад сүүлийн 24 цагт 11116 хүнээс шинжилгээ авснаас 554 хүнд коронавирус илэрчээ. Дархлаажуулалтыг эхлүүлээд үр дүнд хүрсэн таван улсад Израиль, Их Британи, Чили, АНУ, Бахрайн зэрэг улсууд багтаж буй. Тэгвэл манай улс одоогоор нийтдээ 529,911 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгаа юм.
Өчигдөр гэхэд улсын хэмжээнд 59,692 хүн вакцинд хамрагдсан байна. Нийт вакцинд хамрагдсан хүний 452,620 нь Улаанбаатар хотод байгаа бол 77,291 хүн орон нутагт вакцинд хамрагджээ. Монгол Улс 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор 30-39 насныхан вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байна.
Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр нэг баг орж ажилладаг бол ижил бүрэлдэхүүнтэй нэг баг гурван хүнп тохиолдлын эмчилгээн дээр ордог. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтайгаар хомсдох нөхцөл үүсэж байна.
Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тархалтын тоо нэмэгдэхийн хэрээр шууд хамааралтайгаар хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад ачаалал болон ирж байна. Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүс дээр ажилладаг эмнэлгийн боловсон хүчнүүд цөөн хүн дээр ажилладаг учраас хомсдол үүсээд явдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон ЦТЭ хамаг нөөцөө шавхаж ажилласан. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр сарын хугацаанд бусад эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг авч байгаа. Эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна. Улсын хэмжээнд 25,600 орчим ор байгаа бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Энэ нь бүх төрлийн эмнэлгийн тусламж гэсэн үг. КОВИД-19 халдвар өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед бүх ор, бүх хүний нөөцийг зөвхөн халдварын тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй. Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус юм гэв.

 


554 хүнээс халдвар илэрсний 102 нь орон нутагт бүртгэгджээ
2021-04-08 12:29:11